Төрийн албаныхны ажлын байрны архидалт дахин нэг хүний аминд хүрлээ. Ингэхдээ бүр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед төрийн албаныхан ажлын байран дээрээ архидаж, нэг нь амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр 04.00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Иргэн автомашиндаа нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан байна. Ингэхэд тус аймгийн иргэн 30 настай эмэгтэй “Б” гэгч нас барсан нөхцөл байдалтай байжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэсэн юм. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар нэгэн байдлаар бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан асуудал тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шалгаж байна гэдгийг ч нэмж хэлэв.

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар яаман дээрээ архидан согтуурч, нэг нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй байгаа. Энэ хэрэг явдлын дараагаас эхлэн төрийн байгууллагуудад шалгалт хийж, ажлын байран дээрээ архидан согтуурах асуудал гаргахгүй байх тал дээр хяналт чангарна гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсгийнхэн хэлж байв. Бүр Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож байгаа. Нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар болсон билээ.

Гэтэл Монголын хууль гурван хоног гэдгийн адилаар нөгөө хяналт, шалгалт нь мартагджээ. Энэ нь төрийн албаныхны архидаж, хэн нэгнийхээ аминд хүрсэн ээлжит хэргээс харагдаж байна. Тэгэхдээ бүр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ямар нэгэн байдлаар бөөгнөрөл үүсгэхийг хориглосон энэ үед ийм хэрэг гарсан нь төрийн албаныхны ажлын байрны архидалт гаарсны илрэл юм.

.