Долоо хоног тутмын “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдийн гарт хүрлээ. Энэ дугаарт Дорнын кино урлаг өрнө дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тухай онцолжээ. Зургаан үеийг туулсан Хятадын кино урлаг, Хонконг,Тайваний урлагийн тусгаар тогтнол хийгээд сонгодог барилтай Японы кино уламжлал, Энэтхэг, Ираны найруулагчдын уйгагүй зүтгэл нэгэн жарны дараа Солонгосын найруулагч Бон Жүн-Огийн бүтээлээр дамжин өрнийн ертөнцөд тэсрэлт хийсэн тухай уг нийтлэлээс унших боломжтой.
Түүнчлэн нийтлэлч Б.Цэнд-Аюуш “Хөхөө өвлөөр эхэлсэн хүн-царцааны нүүдэл” нийтлэлдээ сонгуулийн санал луйвардаж, сонгогчийн эрхэд халддаг шилжилт хөдөлгөөн амь бөхтэй оршиж буйг сануулсан бол С.Сосоржав боловсролын хүртээмжийн асуудлыг хөндлөө. Дэлхий нийтийг түгшээж буй титэм вирусийн дэгдэлт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг нийтлэлч Б.Болор-Эрдэнэ тоймлож, Х.Батсайхан шинэ өвчлөл “Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал” үүсгээд буйг сануулжээ.Уламжлалт “Улаанбаатарын хүмүүс” буландаа бид “Цомхон цагаан сар”-ыг онцолж байна.
