“Даймонд принцесс” хөлөг онгоц дээр корона вирусийн халдвар илэрч, олон хүн онгоцондоо хөл хоригдоод байсан билээ. Тэгвэл уг онгоцонд хөл хоригдоод байсан 400 гаруй иргэнээ АНУ буцааж авчээ. Америк иргэдийн суулгасан хоёр тусгай үүргийн онгоц өнөө өглөө Токиогийн Ханеда нисэх буудлаас хөөрсөн байна. Тэдгээр иргэд “Даймонд принцесс” онгоц дээр энэ сарын 3-наас хойш хөл хорионд байсан юм. Эх орондоо буцаж буй иргэд бүгд корона вирусийн халдвар аваагүй иргэд бөгөөд халдвар авсан 40 нь Японд үлдэж эмчлүүлэхээр болсон байна.
Зорчигч тээврийн “Даймонд принцесс” хөлөг онгоц 3700 орчим зорчигчтойгоор Йокогама боомтын ойролцоо хөл хорионд орсон. Онгоц Хонконгод зогссоны дараа вирусээр халдварлагдсан нь тогтоогдсон учир ийнхүү тусгаарлагдсан юм. Японы эрх баригчид хөлөг дээр байсан зорчигчдоос вирусээр халдварлагдсан нь тогтоогдсон тохиолдол 70 байсан гэж мэдэгдэж байсан бол өчигдөр 355 болж нэмэгдсэн гэсэн мэдэгдэл хийсэн юм.