БНХАУ-ын эрх баригчид гурав дахь өдрөө дараалан Covid 19 вирусийн шинэ тохиолдол буурч байгаа хэмээн мэдэгдэв. Ням гарагт тус улсын улсын хэмжээнд 2009 шинэ тохиолдол бүртгэгдэж 142 хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр халдварын тохиолдлыг бүртгэх арга өөрчилснөөс Хубэй мужид шинээр өвчилсөн хүний тоо арав дахин нэмэгдсэн юм. Түүнээс хойш шинээр бүртгэгдэж байгаа өвчлөлийн тоо тогтмол буурч байна.
Одоогоор Хятадад нийт 71326 хүн Covid 19 вирусийн халдвар авсан бөгөөд нас баралтын тоо 1775 байна.Хятадаас гадна 30 орчим улсад 500 гаруй тохиолдол илэрчээ. Эдгэрсэн хүний тоо 10610 болсон гэж мэдээллээ. Ням гарагт Тайваньд жаран настай эрэгтэй коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний улмаас анхны нас барлаа. Эх газрын Хятадаас гадна Франц, Хонконг, Филиппин, Японд тус бүр нэг хүн амиа алдаад байна.