Аливаа улсын боловсролын чанар нь иргэдийн хөдөлмөрийн бүтээмжээс харагддаг. Гэтэл Монголд дээд боловсрол нь хөдөлмөрийн зах зээлдээ гологдож байна. Эдийн засагч мэргэжилтэй зөөгч, багш мэргэжилтэй худалдагч... Сургуулиа төгсөөд дор хаяж жил ажил хайх ч энгийн үзэгдэл. Энэ нь Монгол Улсын дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялддаггүйтээ холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хэрэггүй мэргэжлээр диплом үйлдвэрлэдэг.
95 сургууль, 150 мянган суралцагч
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 95 дээд сургууль, коллеж байна гэсэн тоо гарчээ. Үүний дийлэнх нь буюу 76 нь төрийн бус өмч байгаа бол 19 нь төрийн өмчийнх нь байгаа аж. Суралцагчийн хувьд жил бүр 150 орчим мянга байдаг. 2018-2019 оны хичээлийн жилд гэхэд 148 мянган суралцагч байна. Жендерийн хувьд 90 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа залуусын хамгийн их нь худалдаа, бизнесийн чиглэлийг сонгосон. Үүний дараа багш, сурган хүмүүжүүлэх, байгалийн шинжлэх ухаан, инженер, хууль, хууль эрхзүйн чиглэлээр олонх нь суралцаж байгаа юм.