БНХАУ-д гарсан шинэ короновирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зөвхөн зэсийн баяжмал болон нүүрс ачсан машинуудыг тодорхой хяналт, зохицуулалттайгаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар уртын тээвэр буюу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх чиглэлд 1800 орчим жолооч нүүрс тээвэр хийж байна.

Жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компани, түүний охин компани болох “Гашуун сухайт авто зам” ХХК -ийн зүгээс жолооч нарт амны хаалт, гар ариутгагч шингэн, резинэн бээлий үнэгүй тараан, эмч мэргэжилтнүүд халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгч байгаа аж. Энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.