Английн хөлбөмбөгийн “Манчестер сити” баг санхүүгийн журмыг зөрчсөнөөсөө болж Европын цомын тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулжээ. “Хотынхон” энэ жил “Аваргуудын лиг”-тээ үргэлжлүүлэн тоглох бөгөөд дараагийн хоёр улиралд Евроцомын тэмцээнийг өнжих юм байна.
Европын хөлбөмбөгийн холбооны Санхүүгийн хяналтын зөвлөл өнгөрсөн жил Ив Летермээр ахлуулсан баг гаргаж багийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн юм. Тухайн үед “New York Times” сонинд гарсан мэдээлэлд “Шалгалттын дүнд санхүүгийн том зөрчлүүд илэрсэн тул Евро цомын тэмцээнд оролцох эрхийг нь багаар бодоход нэг жил хасах саналыг Санхүүгийн хяналтын зөвлөлөөс санал болгох бололтой. Эх сурвалжийн хэлснээр бол шийтгэх нь бараг ойлгомжтой, 2019-20 оны улиралд уу, 2020-21 оны улиралд уу гэдэг л асуудал байгаа” хэмээн бичиж байв.
“Манчестер сити” өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргаж, тэр хэрэгтээ торгуулиад өнгөрсөн нь энэ удаа шийтгэл амсахаар болжээ. Тодруулбал, “Манчестер сити” Европын хөлбөмбөгийн холбоонд хуурамч тайлан гаргаж өгч байсан нь 2014 онд илэрч 49 сая еврогоор торгуулж байв. Тэр үед тэмцээнд орох эрхийг нь хасаагүй ч тэмцээнд оролцохоор мэдүүлсэн тамирчдын нэрийг цөөлж, хоёр улиралд солилцоо наймаанд зарцуулах мөнгийг нь тодорхой хэмжээгээр хязгаарласан аж. Гэхдээ тэр үед багийн удирдлага шийтгэлийг хүлээж авсан ч буруугаа хүлээн зөвшөөрөлгүй өнгөрч байжээ.
ЕХХ энэ удаа “Ман сити”-д ийнхүү шийтгэл ногдууллаа. Гэхдээ хоёр улирал өнжих шийтгэлийг эцсийнх гэж үзэж болохгүй. “Ман сити” шүүхэд хандах боломжтой аж.