ОУВС-гийн хөтөлбөр ямар үр дүнтэй байв?

2016 онд улс төрийн хямрал, түүхий эдийн ханшийн доошоо чиглэсэн цикл давхацсан. Энэ нь Монголын эдийн засаг унах шалтгаан болсон юм. Ингээд Монгол Улс ОУВС-гийн хаалгыг гурав дахь удаагаа тогшиход хүрсэн.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-нд хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан юм. Өмнө нь Монгол Улс 1991, 2009 онд “Стэндбай” хөтөлбөрт хамрагдаж байв. Энэ хөтөлбөрийн эхнийхэд нь Монгол Улс нийгмийн шилжилтийн үеэ давж байсан бол хоёр дахид нь дэлхийн санхүүгийн хямрал таарсан байдаг.

Харин гурав дахь нь 17.5 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө шагшигдаж яваад өндрөөс унасан нь ОУВС-гийн үүдийг татах шалтгаан болов. Тэр үед ОУВС-гийнхан “Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх” гэдэг зорилтоор хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингэхдээ үнийн тогтвортой байдлыг хангаж, валютын нөөцийг нэмэгдүүлж, дөрвөн тэрбум ам.долларт хүргэх, өрийн тогтвортой байдлыг хангахыг зорьсон. Түүнчлэн эдийн засгийг тогтворжуулах, зах зээл дээрх итгэлийг сэргээх, Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахaд чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүд хийх, банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийхэд зорилго чиглэж байсан юм. Тэгвэл өнөөдөр хөтөлбөр эхлээд гурван жилийн хугацаа өнгөрч, хэрэгжиж дуусахад гурван сарын хугацаа үлджээ.

Энэ хугацаатай зэрэгцэн ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнг дүгнэхэд тохиромжтой биз ээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг ОУВС-гийн хөтөлбөрт орохын өмнөх жил буюу 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан. Харин жилийн дараа эдийн засаг 4.1 хувиар өсөж, 5.3 хувь болсон. Түүнчлэн 2018 онд 7.2 хувьд хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт болсон юм. Мэдээж, үүнийг дагаад олон үзүүлэлт дээшээ чиглэсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрэв. Мөн төлбөрийн тэнцэл ашигтай гарч, зарим бондуудын өрийг төлж барагдуулсан. Тухайлбал, 500 сая ам.долларын “Чингис” болон тэрбум юанийн “Дим сам” бондуудыг төлж барагдуулсан.

Гэвч Хөгжлийн банкны 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг 8.75 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондоор орлуулах замаар төлсөн. Гэхдээ л амь тулсан үед өөр арга байгаагүй. Энэ мэт үр дүнг өнгөц дурдахад янз бүрийн дүр зураг гарна. Үүнээс ОУВС-гийн гол зорилтууд хэрхэн үр дүнгээ өгснийг хүргэе.

Валютын нөөц дөрөв дахин нэмэгдэв

Хөтөлбөр анх эхлэхэд Монгол Улсын гадаад валютын нөөцийг дөрөв орчим тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Тэгвэл энэ сарын 1-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрснийг Төв банк мэдэгдлээ. Энэ нь Монгол Улсын валютын төлбөрт импортын барааны найман сарын хэрэглээг хангах буюу хөтөлбөрт орсноос хойш дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн хугацаанд ОУВС таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт олгосон. Төв банк үнэт металл худалдан авах замаар нөөцөө бүрдүүлдэг. Тухайлбал, 2016 онд 18.6, 2017 онд 20, 2018 онд 22, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авч нөөцөө нэмэгдүүлсэн байдаг. Түүнчлэн Төв банк үнэт металл худалдан авахаас гадна томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валют худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” зэрэг компаниас тодорхой хэмжээний валют худалдан авч нөөцөө нэмж байгаа юм. Өнгөрсөн онд Төв банк зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг нийлүүлсэн байна. Олон улсад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг импортын гурван сарын хэрэглээтэй дүйх, эсвэл богино хугацаат гадаад өрийн харьцаатай ижил байх, нэг бол мөнгөний нийлүүлэлтийн 20 хувьтай тэнцүү байх гэсэн үзүүлэлтээр хэмждэг.

Харин Монгол Улсын тухайд ОУВС- гийн гаргасан хөгжиж буй орнуудын эдийн засагт тохируулан тооцсон аргачлалыг сонгосон. Өөрөөр хэлбэл, богино хугацаат гадаад өрийн 30, бусад гадаад өрийн 15 хувь, экспортын орлогын болон мөнгөний нийлүүлэлтийн тус бүр таван хувьд байхад эрсдэлээс сэргийлж чадна гэж үздэг. Энэ аргаар бол Монгол Улсын гадаад валют хүрэлцээтэй гэж дүгнэж болохоор юм.

Төв банкны тухай хуулийн өөрчлөлт ба үл өөрчлөлт

Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах нь ОУВС-гийн хөтөлбөрийн том зорилтын нэг байсан юм. Төв банкны ерөнхийлөгчийн томилгоо, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх нь УИХ-ын мэдэлд байдаг асуудал тул өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Энэ утгаараа тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Монголбанкны зүгээс 2018 онд өв банкны тухай, Банкны тухай, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулсан.

Гэвч хараат бус байх боломж томилгоо, түдгэлзүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд ороогүй. Үүний уршгийг ч энэ өвөл Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн үйл явдлаас харж болно. Харин дээрх хуулиудад банкны эрсдэлийн удирдлага, зохистой засаглалыг сайжруулах, банкинд хяналт тавих Монголбанкны хяналтын чиг үүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэлээр өргөжүүлэн, эрсдэл даах чадвартай банкны тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх гэх мэт ОУВС-гийн хүссэн өөрчлөлтүүд орсон.

Түүнчлэн Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд хутгалдах ёсгүйг ОУВС эхнээс нь сануулсан. Энд ипотекийн зээлийг нэн түрүүнд дурдаж болно. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Төв банк ипотекийн зээлийн санхүүжилтээс гарах байсан. Гэвч хоёр он дараалан хойшилсоор энэ оны эхний өдрөөс хамааралгүй болоод буй.

Банкны систем улам батжив

Монгол Улсын дансанд 2018 онд экспортоос долоон тэрбум ам.доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөг, улсын төсвийн орлого 9.2 их наяд төгрөг орж ирсэн. Харин арилжааны банкууд зээл хэлбэрээр сард 1-2 их наяд төгрөг буюу жилд дунджаар 20 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн.

Үүнээс Монголын санхүүгийн зээл дэх банкны оролцоо хийгээд өгөөж харагдана. Тиймээс ОУВС Монголын арилжааны банкуудын тогтвортой байдлыг улам бэхжүүлэхийг зорьсон. Үүний эхлэл нь 2018 онд арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээ. Тус үнэлгээгээр нийт банкны системд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Энэ нь ДНБ-ий 1.9 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Гэхдээ үүнийг нийт системийн хувьд эрсдэлтэй гэж дүгнээгүй ч өөрийн  хөрөнгөө нэмэгдүүлэх зургаан сарын хугацаатай үүргийг банкуудад өгсөн. Ихэнх банкууд үүргээ биелүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүний дараа буюу өнгөрсөн онд нэмэгдүүлсэн хөрөнгийг хууль ёсных уу гэдгийг шалгасан. Ингэснээр Монголын банкны систем эрсдэлгүй гэдгээ улам баталсан гэдгийг Төв банк мэдэгдсэн.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Эдийн засгийн өсөлтөд санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжлэх нь хамгийн чухал. Хувийн секторт очих зээл хэвийн явагдаж байж, эдийн засаг тогтвортой байдаг. Энэ утгаараа санхүүгийн систем тогтвортой байснаар эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал дэмжигдэж байгаа. Активын чанарын үнэлгээ хийгдээд, түүний дагуу шаардлагатай хөрөнгийг олсон гэдэг маань дунд, урт хугацаанд санхүүгийн салбар эдийн засгийнхаа өсөлтийг хангалттай хэмжээгээр дэмжиж өгөх чадалтай байна гэдгийг тодорхойлж байгаа юм.

Төсөв ашигтай гарч эхэлсэн

Хувь хүний ч, өрхийн ч, байгууллагын ч, улсын ч төсөвт зарлага хянахгүйгээр данс дүүрэн байх боломжгүй. Энэ зарчмын дагуу ОУВС “бүсээ чангал” гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч энэ нь зарим талаараа эрх баригч намын эрх ашигт нийцээгүй тул, “бүсээ чангалах” үүрэг нь “бүсээ суллах” үзэгдлээр үргэлжилсэн юм. Үүнд сүүлийн хоёр жилийн төсвийг зарлагыг дурдахад л хангалттай жишээ болно.

Тухайлбал, энэ оны төсөв өнгөрсөн жилээс 2.3 их наядаар, 2018 оноос дөрвөн их наядаар нэмэгдсэн. Төсвийн зардлын дийлэнхийг хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг өнгөрсөн жилийнхээс 2.8 дахин нэмж, хоёр их наядад хүргэсэн. Харин азаар дэлхийн эдийн засаг тогтвортой, түүхий эдийн ханш сайн байгаагаас төсвийн орлого чихнээс хонх уяагүй.

Магадгүй ОУВС-гийн хөтөлбөрт орж, хазаарлах үүрэг аваагүй бол өнөөдөр төсвийн орлого, зарлагын харьцааг төсөөлөхөд бэрх. Тиймээс энэ бол хөтөлбөрийн үр дүн гэдгийг Сангийн сайд ч хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, тус хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулсан. Гэвч тус зөвлөл төсөв хэлэлцэх үед лав төсвийн тогтвортой байдлын талаар ам нээсэнгүй. Магадгүй ОУВС-гийн өгсөн зөвлөмжөөс хамгийн хэрэгжилт багатайд төсөвтэй холбоотой асуудлыг дурдаж болох юм.

Энэ бүхнээс харахад 2017 онд сэхээнд байсан Монголын эдийн засагт ОУВС амь тариа хийж, өнөөдөр үзүүлэлтүүд нь өөдөө чиглэхэд хүргэжээ. Энэ бол хөтөлбөрийн үр дүн ямар байсны илрэл билээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

ОУВС-гийн хөтөлбөр тавдугаар сард дуусна. Зургадугаар сард Монголын УИХ- ын сонгууль болно. Дахиад ОУВС- гийн хөтөлбөрт Монгол Улс орох уу гэдгийг сонгуулиар ялалт байгуулсан, дараагийн УИХ шийднэ. Тэгэхээр одоо хэлэхэд эрт байна. Ямартай ч өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнтэй байсан. Эдийн засгийн судас, суваг бүрт ахиц гарсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. нострадамус хятдаас хамгаалж тус болно гэсэн гэхдээ энэ байгууллага эдийн засгын алуурчидтай хамтардаг байгууллага

    5 0 Хариу бичих
  2. Huuhdiin mungu halamjaar hunsee avchihaar ajil hiideg hun baihgui bolson shuu dee.deehne Eldev-ochir gishuun 5huuhedtei ail Huuhdiin munguu avaad ajil hiihee bolson gej unen l belsen shuu dee.songuuliin amlaltaa bieluuleh gej ard tumnee Ajil hiih sonirholgui belenchleh setgelgeetri Bolgoj bgaa yum bish uu

    0 0 Хариу бичих
    • эксэлта - ингэж хэл гээд байлуу. аскорбин с баярын тараасан цаас билет тасалбар юу ч биш цаас л байв.

      0 0
    • халамж авагсад дотор судалгаа хийгээд нэмэр болсонгүй ахиц гарсангүй гэжээ. финланд норвег оросын ч том судалгаа гарлаа.

      0 0
    • мөнгө тараалт тухайн айлын амжиргааны түвшинг ер дээшлүүлдэггүй гэсэн дүгнэлтийг хөгжилтэй орнууд гаргаад байна.

      0 0
    • саяын мөнгө тараалт эцсийх байж чадах уу? дотоодын алаач нар.

      0 0