Хүүхэд асрагч хүүхэдтэй зүй бусаар харьцаж буй бичлэгийг ээж нь нийтэлжээ
Хүүхэд асрагч эмэгтэй 2 орчим насны хүүхэдтэй зүй бус харьцаж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд хүүхдийн ээж нийтэлсэн. Хүүхэдтэй ингэж зүй бусаар харьцаж, түлхэх, зодох зэргээр эрхийг нь зөрчсөн олон тохиолдол гарч байсан ч хүүхэд хамгаалах талаар ямар нэг шийдэл гарцыг холбогдох албаныхан олж байгаагүй. Манай улсад хүүхэд асрагчдыг албан ёсоор ажиллуулах хууль эрх зүйн орчин ч байхгүй юм.
Энэ бичлэгийг хоёрдугаар сарын 11-нд нэгэн ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулсан. Бичлэг дээр хүүхэд асрагч эмэгтэй унтах гээд байгаа бололтой уйлагнан явж байгаа 2 орчим насны хүүхдийг буйдан руу түлхэж, угжийг нь шидэж, хувцаснаас нь татах зэргээр ширүүн харьцаж байгаа нь харагдана. Үүнийг нийтэлсэн хүүхдийн ээж сэтгэл нь эмтэрч байгаагаа бичсэн байна. Ямар ч хүн харсан эмзэглэм бичлэг дээрхтэй адил тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байлаа.
2015 онд Дундговь аймгийн хувийн цэцэрлэгийн тогооч 10 сартай хүүхдийг зодож байв

2015 онд Дундговь аймгийн Оюуны хөгжил гэх хувийн цэцэрлэгийн тогооч 10 сартай хүүхдийг хоол идсэнгүй гэж ам руу нь цутгаж, хүчээр хооллосон хэрэг гарсан. Энэ эмэгтэйд нэг жил 6 сарын хорих ял оноож байсан юм.
2013 онд хүүхэд асрагч нэг ой 5 сартай хүүхдийг зодсон хэрэг гарав
2013 онд ой 5 сартай хүүхдийг асрагч нь зодсон хэрэг гарч байв. Тодруулбал нэгэн залуу гэр бүл хүүгээ 11 сартай байхаас нь “Отгонтэнгэр” их сургуулийн цэцэрлэгийн багшийн III курсын оюутан охиноор харуулсан аж. Харин сүүлийн үед хүү нь шөнө унтаж чадахгүй байн байн цочиж сэрээд мөн асрагч руугаа очих дургүй, уйлаад байсан учир хүүгийн эцэг хувцасныхаа шүүгээнд iPad байрлуулан нууц бичлэг хийсэн байна. Уг бичлэгт асрагч охин ой таван сартай хүүг нь цохин элдвээр доромжилсон үг хэллэг хэлж буй нь бичигджээ. Асуудал ийн үүссэн учраас тухайн гэр бүлийнхэн асрагч охиныг ажлаас нь халсан. Түүнчлэн, “Отгонтэнгэр” их сургуулийн зүгээс оюутны ёс зүйн дүрэм, баклаврын сургалтын журмын тодорхой заалтуудыг зөрчсөн энэ оюутныг сургуулиас хасах арга хэмжээг авахаар тушаал гаргаснаа мэдэгдэж байв.

2018 онд Амила цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг чирч зодсон хэргүүд гарч байлаа.
Энэ мэт олон хэрэг гардаг ч хүүхэд хамгааллын чиглэлээр олигтой гарц шийдлийг холбогдох албаныхан төр засаг олж байсангүй. Дээрх хэрэгтэй холбогдуулан хүүхэд хамгааллын талаар, хүүхэд асрагчдыг албан ёсны болгох ёстой юу, хууль эрх зүйн ямар гаргалгаа байгаа бол гэдэг асуултанд хариулт авахаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай холбогдоход манайд хамаатай асуудал биш, БСШУСЯ-ныхан мэднэ гэсэн ч тус яам мөн л хамааралгүй гэж хэлсэн юм. Бид энэ асуудлаар эргэн сурвалжлах болно.
Шог зургийг С.Цогтбаяр