Африк тивд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ

Египет улсад ирсэн гадаадын иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тусгаарлах арга хэмжээ авсан тухай тус улсын эрүүл мэндийн яам Баасан гарагт зарлажээ.

Өвчтөн ямар улсын иргэн болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж, цааш тархахаас сэргийлэх арга хэмжээг авснаа Египетийн эрх баригчид мэдэгджээ.

Өвчтөнөөс одоогоор халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Ингэснээр Африк тивд анхны коронавирусийн халдвар бүртгэгдэж байна.

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус Африк тивд тархвал тус тивийн ядуу буурай хөгжилтэй орнуудад томоохон гамшиг нүүрлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Коронавирусийн халдварын тархалын тоон мэдээг хүргэе. Өнөөдрийн байдлаар уг халдвар дэлхийн 29 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд БНХАУ-ын мужуудад нийтдээ 66484 бусад улс оронд 218 тохиолдол бүртгэгдээд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)