ЭМЯ: 13-нд тусгаарлагдсан иргэдээс шинжилгээгээр коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой мэдээллийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. 

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл цагаан сартай холбоотой хэд хэдэн зүйлийг анхаарууллаа.  

Тэрбээр "Өчигдрийн байдлаар 2277 шинэ тохиолдол нэмэгдсэн. Мөн Японд нэг тохиолдол нас барсан нь БНХАУ-аас гадна нас барсан хоёр дахь тохиолдол нь боллоо. Нас барсан хүний тоо 143 тохиолдлоор нэмэгдсэн. Эдгэрсэн хүний тоо харьцангуй нэмэгдэж 1194 болсон байна. Сэжигтэй тохиолдлын тоо буурч байгаа нь тархвар судлалын тоо хяналтанд орж, сэжигтэй буюу тусгаарлагдсан хүмүүсээс өвчлөлийн тоонд оруулж бүртгэж буйтай холбоотой.

Шинэ коронавирустэй холбоотойгоор ЭМЯ-наас шуурхай арга хэмжээ авч эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг ханган, эрчимтэй ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед БНХАУ-аас ирж буй мэдээллээр эрүүл мэндийн газрын ажилчид халдвар авч өвдөх тохиолдлууд гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа хамгаалах, шаардлагатай зүйлсээр хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Мөн ард иргэдэд зориулсан зөвлөмж хийгээд тарааж байгааг хэлье. Ерөнхийдөө өвчлөл буурахгүй, эрчимтэй өсч байгаа тул ард иргэддээ хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна.

Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амын нягтрал үүсгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх, олуулаа хүнсний зах руу явахгүй байхыг анхааруулж байна.

Хүн амын бөөгнөрөл нягтрал үүсгэхгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга. Түүнчлэн хоёр метрийн зайнаас болж өгвөл бие биетэйгээ харьцах нь зүйтэй гэсэн судлаачдын товхимлууд хэвлэгджээ. Нэмж хэлэхэд бид хэдийгээр Цагаан сарыг тэмдэглэхгүй боловч гэр орноо цэвэрлэж, хог, тоос шороогүй байх нь зөв байх" хэмээн ярилаа. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Уханиас ирж тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа. Давтан шинжилгээ хийхэд сөрөг буюу шинэ коронавирус байхгүй гарсан. Шинж тэмдэг ямар нэгэн хүнд илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж эмчийн хяналтад байлгасан. Ингээд өнөөдөр бүгд баяртайгаар сэтгэл амар гэр орондоо гарахаар боллоо гэж байсан. Бид  оюутнууддаа зөвлөмж өгч өөрсдөө бүртгээд явахаар зөвлөгөө өгсөн.

2020 оны хоёрдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Одоогийн байдлаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүн, Дорнодод нэг, Завханд нэг, Налайх дүүрэгт нэг буюу нийт зургаан хүн тандалт шинжилгээ хяналтад орсон" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймгаас өчигдөр тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Тус сэжигтэй тохиолдол илэрсэн хүн нь долоон настай хүүхэд байгаа. Мөн аав ээж нь тусгаарлагдсан. БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)