Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбар сүүлийн 10 шахам жил дотоодын нийт бүтээгдэхүүний 23, нийт экспортын орлогын 80 орчим хувийг тогтмол дангаараа бүрдүүлж байна. 2017-2018 онд л гэхэд 2.2 их наяд төгрөгийг улсын төсвийн урсгал орлогод төвлөрүүлсэн нь энэ салбар Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсныг илтгэж байгаа юм. Тэгвэл энэ салбарт хэн ажиллаж, өсөлтийг бий болгож байна вэ. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт ажиллагсдын 10 хувь нь эмэгтэй. Энэ салбар дахь эрэгтэй ажилтны тоо 51121бол 5514 эмэгтэй ажилтан байна. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан судалгаагаар уул уурхайн салбарт 56 635 ажилтан бүртгэлтэй байгаагаас үндсэн компанийн 32 159, гэрээт болон тусан гүйцэтгэгч компанийн 24 467 ажилтан байгаа ажээ. Нийт ажилчдын 25 хувь нь инженер техникийн ажилчид есөн хувь нь удирдах ажилтан буюу менежерүүд, 35 хувь нь техникийн операторууд, 31 хувь нь бусад ажилчид юм. Насны ангиллаар нь авч үзвэл, 18-25 насныхан 26, 26-40 насныхан 53 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт 40 наснаас доош залуу үеийнхэн тус салбарын ажилчдын 80 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Тодруулбал, энэ салбарт ажиллагсдын 10 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас гадна 40-өөс дээш насныхан 20 хувийг нь бүрдүүлж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус бүр үндэсний болон орон нутгийн түвшний байгууллагын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөв боловсруулах үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялгийн салбарт жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулжээ. Уг судалгаагаар салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага, тэгш бус, бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээний үйл явцад жендэрийн асуудлыг бодлогод тусгах арга зүйг салбарын хэмжээнд хангалтгүй гэж үзсэн байна. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь эмэгтэй ажиллах хүчин бага шингээдэг гэдгээрээ бусад салбараас онцлогтой учраас жендэрийн асуудлыг бүрэн тусгах боломжгүй гэдгийг дээрх судалгаанд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч аль болох нөхцөл байдлыг нь тогтоож, олон улсын болон үндэсний хууль тогтоомж, заавар зөвлөмжийн хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өнгөрсөн онд гаргасан байна. Энэ салбарын онцлогтой холбоотойгоор уул уурхайн салбарт ажиллагсдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ өндөр байгаа бөгөөд эмэгтэйчүүд ажиллах боломжтой олон ажил, мэргэжлээр эрэгтэйчүүд ажилласаар байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгааны төвөөс зарим ажлын байранд хийсэн нөхцөлийн үнэлгээ баталгаажуулсан байна. Иймээс цаашид Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулиар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах чиглэлээр ажил олгогчийн хүлээх үүргийг биелүүлж, хүйсийн тэгш харьцааг бий болгохыг салбарын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх гэрээ, хэлцлийн хүрээнд оновчтой зохицуулахыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхааралдаа авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцоллоо. Өндөр цалин, хангамж нь аль ч салбарын аль ч хүйсийн ажилтан ажлаа эрч хүчтэй, өндөр бүтээмжтэй хийх гол хүчин зүйл болдог. Уул уурхайн салбарт ажиллагсдын цалин харьцангуй өндөр байгааг Үндэсний статистикийн хорооны судалгааны дүн нотолдог. Тодруулбал, уурхайчдын сарын дундаж цалингийн хэмжээ хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа зэрэг бүтээмж багатай салбарт ажиллагсдынхаас 2.7-3.6 дахин өндөр байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос гаргаснаар, аж ахуйн нэгж байгууллагын ажилтны дундаж цалин нэг сая 166 мянган төгрөг байгаа бол ажил мэргэжлийн ангиллаараа уул уурхайн салбарт ажиллагсад буюу суурин төхөөрөмж, машин механизмын операторч угсрагч нэг сая 365 мянга, техникийн ажилтнууд нэг сая 423 900 төгрөгийн цалин авч байна. Гэвч энэ цалин хөлсийг хүссэн бүх хүн авч чадахгүй байна. Ялангуяа, жендэрийн тэгш байдал энэ салбарт үйлчилж эмэгтэйчүүд ч өндөр цалин авах боломж бүрдэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь эмэгтэйчүүд ч өндөр цалин авах эрхтэй.