Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх болсон тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргажээ. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэсэн байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ө.Шижир З.Энхболдоос ажлаа хүлээн авлаа.