Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь буюу 750.0 мянга орчим хүн өдөр тутам 960 гаруй нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байна.

Нийтийн тээвэр өвөлдөө олдоц муу, цонх нь цантан үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчиж байгаа иргэддээ тав тухгүй хүйтнээрээ дуудуулсаар хэдэн жилийг үдэж буй. Харин энэ жил нийтийн тээвэрт явж буй 940 орчим автобусанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө болгон их цэвэрлэгээ, ариутгал, халдаваргүйжүүлэлт хийсэн байхыг шаардаж, тогтмол шалгаж байгаа гэх баяртай мэдээ дуулдав. Уг шалгалтын явцад
- Автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх,
- Ариутгал цэвэрлэгээ хийхдээ зориулалтын бээлий, бодис, хэрэгсэл ашиглах,
- Хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал хийх,
- Автобусанд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах тал дээр дутагдалтай байгаа тул анхааруулга, шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Харин бодит амьдрал дээр энэ шаардлага цаасан дээрээ л үлдсэн бололтой.
Тогтоол шийдвэр гарсан эхний өдрүүдэд автобусны суудлын бүрээснүүдийг авч угаан өглөөдөө цэвэрлэгээ хийн ариутгах болсон талаар автобусны жолооч нар ярилаа. Монголын хууль гурав хоног гэдэгчлэн өнөөх хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, гар ариутгагч тогтмол хэрэглэх зэрэг нь ор тас алга гэж хэлж болно. Захын гэр хорооллын чиглэлд үйлчилдэг том оврын автобусны жолооч нартай уулзсан юм. Нэг жолооч ээлжиндээ хоёр талынхаа эцсийн буудал дээр тав, таван удаа ирж түр зогсолт хийдэг. Түр зогсолт нь 5 минут үргэлжилдэг бол өдөрт нэг удаа хоолны цагаар 10 минут зогсоно. Тава минутын завсарлагын хугацаанд чийгтэй цэвэрлэгээ хийх нөхцөл боломжгүйг жолооч нар учирлаж байна. Учир нь захын хорооллын ихэнх буудлуудад ус авах газар байдаггүй. Мөн хуучны кондукторууд буюу өдгөө хяналтын байцаагч нарын үүрэг оролцоо бага, нийтийн тээвэрт жолооч нарын хамт ажилладаг гэх ч ээлжтэй үедээ эхний хоёр тойрогт хамт яваад картаа дараарай гэж захиад буудаг аж.
Вирусийн халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед хүн бүр л эрвийх дэрвийхээрээ эрүүл мэнддээ анхаарч дор бүрнээ хичээж байхад халдвар түгээх эрсдэл өндөртэй нийтийн тээвэрт гар ариутгагч ч үгүйг холбогдох байгууллагынхан анхаарна биз. Түүнчлэн хяналтын байцаагч нар нь тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийн автобусны бариулаа яагаад арчиж цэвэрлээд байж болохгүй гэж. Зөвхөн дарга, шалгалтынхан ирэхэд “шинэ халаадаа өмсөн ширээний бүтээлгээ сольдог” шиг шар алчуур барин цэвэрлэж байгаа дүр эсгэмээргүй байна. Нийтэд үйлчилж байгаа нийтийн тээврийн бодит зургийг хүргэе. Эцсийн буудалд түр зогсох автобусны дүр төрх нэг иймэрхүү.




Нийтийн тээврээр иргэд хамгийн их үйлчлүүлдэг тул эрүүл мэндэд нь халтай байх зүйлсийг таслан зогсоомоор байна. Адаглаад л автобуснуудад гар ариутгагч байршуулан цэвэрлэгээ үйлчилгээгээ жигдрүүлэх шаардлагатай.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх цаг хэдийнээ болсон бөгөөд энэ жилээс агаарын бохирдлыг бууруулахаар найман автобусыг туршилтаар нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах болсон. Мөн давхар автобус үйлчилгээнд нэвтрүүлэх талаар ч яригдаж байгаа. Ихэнх нийтийн тээврийн насжилт дуусаж байгаа учраас утаа их хаядаг, эд анги нь амархан эвдэрдэг гээд асуудал ер тасардаггүй. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээвэр чухал үүрэгтэй гэх ч үйлчилгээ чинь үнэндээ иргэдэд таалагдахгүй байна.
Хэзээ нийслэлчүүд ая тухтай нийтийн тээврээр сэтгэл амгалан үйлчлүүлэх цаг ирэх бол..