Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан  “Шуурхай бүлэг” өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. "Шуурхай бүлэг"ийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Топан Мишра, ДЭМБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Сергей Диордица нар ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, шинэкоронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж байгаа юм.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн VII хуралдааныг зохион байгуулж, тус аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилтийн нөхцөл байдал болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тус аймагт энэ жил 23 сум, нэг тосгоны 127 багт  9792 хот айлын 17648 малчин өрхийн зургаан сая 404 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, эрт цас унасан нутгаар мөсдөж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Засаг дарга онцлов.

Харин шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрсдэлийн түвшингээ тодорхойлон “Өндөржүүлсэн бэлэн байдлын идэвхжлийн горим”-д шилжин ажиллаж байгаа аж. Засаг дарга Л.Ганболд, Засгийн газар, Сангийн яамнаас батлагдсан төсөвтөө багтаж өр авлага үүсгэхгүйгээр ажиллахыг чиглэл болгож байгаа ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, төсөв хөрөнгө дутагдаж хүндрэл үүсч байгааг “Шуурхай бүлэг”-т танилцуулав.

Тухайлбал, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг авахад 245.7 сая төгрөгийн шаардлагатай гэжээ.  Мөн цас ихээр орсон сумдад өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн улсын нөөцийн салбарт он дамжин хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчид, иргэдэд олгохыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна.

Энэ үеэр  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгөв.  Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.