Орчин үеийн дүрслэх урлагийн хамгийн сонирхолтой төрөл болох перформанс арт үзүүлбэрүүд сүүлийн жилүүдэд ихэд дэлгэрэх болсон. Иймд Өрнө дахинд 2010 оноос хойш гарсан даруйдаа хамгийн их шуугиан тарьсан 5 үзүүлбэрийг танилцуулъя.
2019 он. Хананд наасан ганц ширхэг гадил жимс 120000 ам.доллараар зарагдаж их шуугиан тарилаа. Тэр гадил жимс ямар утга учиртай байв? АНУ, Майамигийн далайн эргийн урлагийн худалдаан дээр Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы хананд скочоор тогтоосон гадил жимс ажээ. Уран бүтээлч энэ санаагаа жилийн өмнөөс бодож олсон гэдэг.
2019 он. Зул сарын баярын өмнөхөн алдарт уран бүтээлч Бэнкси тус бүтээлээ гудамжинд урлаад алга болсон байлаа. Өдийг хүртэл Бэнксиг чухам хэн болохыг мэдэх хүн үгүй. Зөвхөн түүний бусдыг гайхшруулсан бүтээлүүд л гэнэт дэлгэддэг нь хачирхалтай.
2018 он. Оны сүүлээр Сотебигийн дуудлага худалдаагаар тус бүтээлийн хэвлэмэл 1.4 сая доллараар зарагдав. Бэнкси “Бөмбөлөгтэй охин” бүтээлээ 2002 онд зурж байсан гэдэг. Даанч худалдан авагчид бүтээлээ өөрийн болгох тэр мөчид бүтээлийн өргөн жаазан дотор суурилуулиад бэлдчихсэн байсан автомат хэрчигчийг алсын удирдлагаар ажиллуулан зургийнхаа тэхий дунд хүртэл зүссэн явдал гарч, олон улсад маш их шуугиан тарьсан билээ. Тус явдлын дараа түүний бүтээлийн үнэ улам өссөн гэдэг.
2013 он. 55 дахь удаагийн Венецийн биеннальд тус үзүүлбэр тавигдаж байсан юм. Уран бүтээлч Жина Царнецки барилгын ханан дээрээс юмс үзэгдлийг цоо ширтэх нүд буюу гүн гүнзгий утга агуулгатай бүтээлээрээ тухайн онд ихэд алдаршиж байжээ.
2010 он. Алдарт уран бүтээлч Марина Абрамовичийн перформансын үеийн зураг юм. Бүхэл өдрийн турш өмнө нь ирж суусан хүмүүстэй юу ч ярихгүй, зөвхөн ширтэлцэх консепц бүхий үзүүлбэр ихэд алдартай. Чухам энэ үзүүлбэрийн үеэр Марина Абрамович 22 жилийн өмнө салсан нөхөртэйгээ уулзсан нь тухайн үед шуугиан тарьж байлаа. Түүний нөхөр асан Улэй, Марина Абрамович нар хамтарсан үзүүлбэрүүдээрээ дэлхийд алдартай уран бүтээлчид юм.