Монгол Улс жилд 150 гаруй улстай гадаад  худалдаа хийдэг. Өнгөрсөн он гэхэд 152 улстай 13.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн юм. Тэгвэл Монгол Улс гадаад худалдаанд ямар улсуудтай түншилдэг талаарх хүргэе.

Гадаад худалдааны бараа эргэлтэд мэдээж хоёр хөрш өндөр дүн эзэлдэг. Өнгөрсөн оны нийт 13.7 тэрбум ам.долларын гадаад  худалдааны 8.9 тэрбум ам.долларыг нь БНХАУ дангаараа эзэлж байна. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлж байна. Тэгвэл БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс байгаа юм.  Мөн 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Түүнчлэн Их Британи Улсад экспортолсон барааны 77.5 хувийг, Сингапур Улсад экспортолсон барааны 76.7 хувийг, Швейцар Улсад экспортолсон барааны 98.8 хувийг алтны экспорт эзэлж байна.

Харин импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр БНХАУ 33.6, ОХУ 28.2, Япон Улс 9.6, АНУ 4.7, БНСУ 4.4 хувийг  эзэлж, нийт импортын 80.5 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 55.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 60.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа юм.