Халдвар авсан тохиолдол БНХАУ-ын Хубей мужид огцом өссөн ч хилийн чанадад тохиолдол өсөөгүй тогтвортой байсан гэж ДЭМБ-аас мэдээллээ. Өчигдөр БНХАУ-аас өөр улсад халдварын 44 тохиолдол гарсан нь бүгд нэг газраас буюу Японы ойролцоо хөл хорио тогтоосон гэх хөлөг онгоцны зорчигчдоос илэрсэн юм. Үүний өмнө Англид ес дэхь тохиолдол Лондон хотоос илэрсэн талаар ВВС мэдээлсэн. Ингэснээр БНХАУ-аас өөр улсад гарсан халдварын тохиолдол 218 болж нэмэгдээд байна.
БНХАУ-аас өөр улсад оношлогдсон тохиолдлууд. Японы хөлөг онгоц дээрх 174 сэжигтэй тохиолдлыг оруулж тооцсон.
Лхагва гаригт Хубей мужид нас барсан хүний тоо 242 болж огцом өссөн. Мөн шинээр халдвартай гэж оношлогдсон хүний тоо 14 840 болж огцом өссөн нь халдварыг оношлох буюу халдварлагдсан гэж үзэх аргаа өөрчилсөнтэй холбоотой болохыг ДЭМБ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх арга зүйгээр бол халдварын тархалт огцом өсөөгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн.
Харин санаа зовоосон онцгой нэг асуудал пүрэв гаригт гарсан нь Япон улсад нэг хүн коронавирусийн халдвараар нас барсан явдал байсан юм. Талийгаач Канагава мужид амьдардаг, 80 настай хөгшин байсан бөгөөд БНХАУ, Хубей мужтай ямар ч холбоогүй байсан нь ийнхүү түгшихэд хүргэсэн юм. ДЭМБ-ын тэргүүн одоогоос хэд хоногийн өмнө “БНХАУ-д огт зорчоогүй хэрнээ халдвар авсан тохиолдол байгаа. Энэ нь вирусийн халдвар хяналтаас гарсны шинж” гэж мэдэгдэж байсан билээ. ДЭМБ-ын Онц байдлын үеийн хөтөлбөрийн захирал Майк Райан харин энэ удаа БНХАУ-аас өөр 24 улсад 447 тохиолдол бүртгэгдсэн гэж хэлсэн байна.
Өчигдөр болсон бас нэг анхаарал татсан үйл явдал нь АНУ-ын Төрийн Департментаас БНАСАУ-д халдварын тохиолдол гарсан байх магадлалтай хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Пеньян одоогоор халдварын тохиолдол гарсан талаар мэдээлээгүй. Гэсэн ч хэрвээ гарсан бол бүх талаар туслахад бэлэн гэж АНУ-ын Төрийн Департментаас мэдээлсэн юм.
Иокогамад хөл хорионд байгаа “Алмаазан гүнж” онгоцны тухайд, 3700 зорчигч байгаа бөгөөд бүгдэд нь эмнэлгийн шинжилгээ хийж байна. Өвчилсөн нь тогтоогдсон хүмүүсийг ч мөн хөлөг онгоц дээр нь эмчилж байгаа гэнэ.
Дашрамд, ДЭМБ лхагва гаригт корона вирусийн эмчилгээний асуудлаар Женев хотноо чуулсан. Чуулганд дэлхийн олон улсын эрдэмтэд оролцсон бөгөөд вакцины боловсруулалт, эмчилгээний аргын талаар ярилцсан байна. Чуулганы дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх захирал Сумия Шваминатан “Коронавирусний эсрэг дөрвөн вакцин одоогоор боловсруулалтын шатандаа явна. Үүнээс хоёрыг нь 3-4 сарын дараа хүнд туршиж эхэлж магадгүй” гэж мэдэгдсэн билээ.