Дэлхий нийтийг урд хөршөөс гаралтай вирусийн халдвар сандаргаж ахуйд манай улстөрчдийг УИХ-ын сонгууль ташуурдаж буй. Ирэх зургадугаар сарын 24-нд товлосон найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандаттайгаар явуулахаар болсон. Ингэхдээ нийслэлд есөн тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандат хуваарилсан юм.

Нийслэлчүүдийн хувьд одоогийн парламентад 28 төлөөлөгч оруулсан бол ирэх парламентад 24-ийг суулгах нь. Энэ 24-т багтах хүсэлтэй олон горилогч байгаагаас хэн нь намаасаа эрх авах, хэн нь олонхын санал авахыг одоо таашгүй. Энэ хэрээр нэг намын нөхдүүд хоорондоо тойрог булаацалдаж, нэгийгээ намнах ажиллагаа ч явуулж эхэлснийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Улс төрийн намууд ч эхнээсээ нэр дэвшигчдээ битүүхэн тодруулж байгаа сурагтай. Албан ёсоор бол намууд тавдугаар сарын 10-16-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах хуультай юм.

Ингээд парламентад суудалтай намуудаас “нийслэлийн 24”-т хүч үзэхээр зэхэж буй хүмүүсийн мэдээллийг хүргэе.

Багахангай, Налайх, Багануур дүүрэг

Сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай.

Энэ тойрогт МАН-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар нар яригдаж байна.

АН-аас одоогоор хэн өрсөлдөх нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүрэг

Сонгуулийн 22 дугаар тойрог 2 мандат, 23 дугаар тойрог 3 мандаттай.

МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НОСК-ын дарга Б.Сүхбаатар нарын яригдаж буй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ЖДҮ-д холбогдсон учраас намын дарга нь нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн гэх мэдээлэл бий.  Мөн тус дүүргээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа бий.

АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа тэргүүтэй хүмүүс өрсөлдөнө гэдгийг хэвлэлүүд онцолсон.

ШИНЭН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс нэр дэвшихээр зэхэж байгаа аж.

Сүхбаатар дүүрэг

Сонгуулийн 24 дүгээр тойрог гурван мандаттай.

Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил болон хүний гавьяат эмч М.Чимгээ нар өрсөлдөх сураг байна. Харин тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа энэ удаад Ховд аймагт өрсөлдөх гэнэ.

АН-аас УИХ-ын гишүүн асан Г.Гантөмөр нарын нэр яригдаж байна.

Чингэлтэй дүүрэг

Сонгуулийн 25 дугаар тойрог гурван мандаттай.

МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар өрсөлдөхөө илэрхийлээд байгаа. Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй. Харин УИХ-ын гишүүн Д.Ганболдыг намаас нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий.

АН-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өрсөлдөх гэнэ.

Баянгол дүүрэг

Сонгуулийн 26 дугаар тойрог гурван мандаттай.

МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар нар дахин өрсөлдөнө. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар энэ тойрогт өрсөлдөх магадлалтай талаар улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Харин тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Өвөрхангай аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

АН-аас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, тус дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо нар өрсөлдөх гэнэ.

Сонгинохайрхан дүүрэг

Сонгуулийн 27 дугаар тойрог 2 мандат, 28 дугаар тойрог 3 мандаттай.

МАН-аас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва,  Д.Сумъяабазар нар дахин нэр дэвшихээр яригдаж байна. Харин тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг мандаттай нь Булган аймаг руу шилжүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун энэ дүүрэгт бие даан нэр дэвших бололтой.

АН-аас тус дүүрэгт ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвшихээр яригдаж байна.

Хан-Уул дүүрэг

Сонгуулийн 29 дүгээр тойрог, гурван мандаттай.

Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар дахин өрсөлдөх сураг байна.

АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгалмаа, тус дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг нар яригдаж байна.

ШИНЭН-аас УИХ-ын гишүүн Л.Болд дахин өрсөлдөнө.