Монголчуудын амьдралын мөчлөг билгийн тооллын жилээ хэрхэн дагадаг вэ?

Манай монголчуудын амьдралын мөчлөг олимпийн наадмаа дагаад дөрөв дөрвөн жилээр шинэчлэгдэж, сэргээгдэж явдаг. Худла худла, сонгуулийн мөчлөгөөр явдгийг л гэгээн сайхнаар хэлсэн юм. Уншигч нар маань ч мэдсэн байлгүй дээ. Нэг сонгууль болоод л хамаг юм хөглөрч хөрвөнө. Хэрүүл зодоон ч тасрахгүй. Дарга нар ийнхүү завгүйдэхэд иргэд нь хүлээлгийн байдалд орж хамаг амьдрал нь хэсэг зогсож гацдаг, гацах битгий хэл эцдэг, эцэх ч багадаж эргэж буцдаг нь гунигтай.

Гунигтай юмаа өмнөх догол мөрөндөө орхиод анализ руу гаа ороё доо. МАН үнэмлэхүй байдлаар засаг жолоодсон өнгөрсөн дөрвөн жилд билгийн тооллын бич, тахиа, нохой, гахай жилүүд дараалан гарлаа.

МАН-ын засаглалын эринд

Тэд сонгуульд айхтар ялсан 2016 онд “Муу нүүрт бичин жил” гарч билээ. Ард түмэн нүүрийг нь “ямар?” гэж асуугаагүй л дээ. Гэхдээ л билгийн тоолол өөрөө “муу” хэмээн тодотгожээ.

Тэрний хойтон нь Алтан унжлагат тахиа жил гарсансан... Элдэв тайлбар зүүгээд юүхэв дээ. Женко хэмээгч хүний од гийж ерөнхийлөгч болсон жил.

Тэрний хойтон мөн л “Тийн унжсан нохой жил” гарлаа. Аа харин сонгуулийн өмнөх 2019 онд гарсан гахай жилийн шинж нь “Урвуулагч” хэмээх1. Ай даа, хэн нь хэнээсээ урваж, хэн нь хэнийгээ урвуулж байгааг өдөр бүр бэлхнээ харж байна даа. 

Улстөр нь жилээ дагадаг юмуу, жил нь өөрөө тохирч гардаг юм уу. Эсвэл Тэрбиш гуай ингэж дамшиглаад суудаг хүн юм болуу? 

За одоо зүгээр хажуугаар нь өнгөрч явсан хүүхдийг дуудаж жишээлдэг багш шиг байхаа болиод ахиад урагшилья.

АН-ын засаглалын эринд

АН сонгуульд ялдаг 2012 онд Баясгалан хэмээх луу жил гарч байжээ. Ялалтын баярын дуулиан нь тэнгэрт дуурсаж байсан даа. Найрын ширээний ард мега өлсгөлөн хүмүүс суучихлээ гэж амтай болгон ярьж байв.

Хойтонгийнх нь 2013 онд Тийн ялагч хэмээх могой жил гарч бондууд ар араасаа ороолдон мушгиран чуулж байлаа. Эби ялаад л. Мега өлсгөлөн хүмүүс гега болчихсон цамнаж байв даа. 

Тэрний хойтон 2014 онд Ялгуусан хэмээгч морин жил!!! Засаг хоёрдугаар ээлжиндээ ороод л... Бондын дараагийн давалгаа түрхрээд л...

Харин сонгуулийн өмнөх 2015 оны морь жилийн шинж нь “Галзууруулагч хэмээх” байв2. Эрх мэдлээ алдаж мэдэхийн өмнөх жил шүү дээ, ахиад олдохгүй байвал яах юм! 

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ

Энэ 2020 онд 17 -р жарын нэгэн шинэ мөчлөг эхлэх гэж байна. Өмнөх мөчлөгийн сүүлийн гахай жил дэлхий дахиныг ширүүхэн хадраад гарах нь. Дайн дажин бишгүй дэгдэж, энд тэндгүй л хүний эрдэнэт амь сүйдлээ. Оны төгсгөлд Корона тахал дэгдэж олон амьтныг тамлаж байна. Жил дуусаад гайгүй болох байгаа...

Монголчууд бид “хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэлцдэг билээ. Гарч буй жилийн шинж нь “Хотол төгс” буюу. Төгсрөн амгаланших энэ хотол нь харин хэнийг заасныг билгийн тооллын календарийн бурхан л мэдэх байх. Ард түмнээ хэлэв үү, ахиад л засаг баригчдыг хэлэв үү. Энэ жил бидэнд хувь заяагаа шийдэх нэгэн өдрийн эрх бий дээ уул нь. Түүнийг “сонгууль өгөх” хэмээнэ. 

Би ч үзлээ, чи ч үзлээ гэгчээр хуучин хүмүүс, хуучин намаа дахин сонгох нь хуучин асуудал, хуучин зовлонгоо л эргэж дуудахаас өөр зүйл эс авчирдаг аж. Харин энэ жил хотлоороо шинийг харж, шинийг сонсож, шинийг сонгож үзвэл ямар бол?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. тэр жилийн амьтан нь сүүлтэй, сүүлээрээ шарваад оны сүүлээр хүндхэн байх нь гээд л. гэтэл бүх жилийн амьтан бүгд сүүлтэй.

    0 0 Хариу бичих
    • бараг сүүлгүйгээр нь туулай, хонь жилтэй хүмүүсийг сонгоцгооё / үүнийг сонсоод насаа +, - вий дээ/

      0 0
  2. ямар төвөгтэй тодруулга вэ, зарим хүмүүс энэ унжлага мунжлагагүй жил байж болдоггүй юмуу л гээд байсан. юу хэлж байгаагаа ойлгож л байсан байгаа даа.

    0 0 Хариу бичих
  3. буянжагаа шинэ сонголт болно гэсэн гэнэлээ гэх чинь билээ.

    0 0 Хариу бичих