БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш өчигдрийн ДЭМБ-ын мэдээгээр коронавирусийн нийт 43099 тохиолдол, 1018 нас баралт бүртгэгдсэн.

Дэлхийн 20 гаран оронд тархаад байгаа энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл түр зогсоон нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, сар шинийн баярын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргасныг Улсын онцгой комисс хүлээн аваад буй.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Салбарын сайд цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх санал гаргасан.  Хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гарвал хүн болгонд хэрэгтэй. БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Улмаар иргэдийн хөдөлгөөн бөөгнөрөл нь уг өвчнийг олон мужаар дамжин тархахад нөлөөлж нэг алдаа болсон. Тиймээс манай улсын иргэд ч цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй" хэмээсэн.

Тиймээс бид цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Яагаад цагаан сар тэмдэглэхгүй гэж тэмдэглэнэ. Би тэрийг тусна гэж бодохгүй байгаа. Тэнэг хүн байж болно. Гэхдээ энэ мэдээллийг сонгуулийн нэг мэдээг нөгөөгөөр нь дардаг тийм л асуудал яваад байна гэж харж байгаа. Яах вэ дэлхийн хэмжээнд англи хэл дээр үзэхээр коронавирус байгаа. Гэхдээ манайд орж ирэх хэмжээний хүчтэй хэмжээнд тархсан гэж бодохгүй байна.

Энэ жил цагаан сар хийх шаардлага байна уу даа. Өргөн дэлгэр тэмдэглэхгүй өөрийнхөө ойрын хүрээнд л тэмдэглэнэ гэж бодож байгаа. Зөвхөн аав, ээждээ очиж золгоно гэж төлөвлөсөн.

Бараг цагаан сар тэмдэглэхгүй дээ. Үр хүүхэдтэйгээ л гэр бүлийнхээ хүрээнд ёслон оноо гаргана. Айл хэсэхгүй, хүн хүлээж авахгүй. Угаасаа ч манай ах дүүс айл хэсэхгүй гэж ярьцгаасан. Харин гэртээ цагаан сар тэмдэглэхээр бэлтгэлээ базаан жаахан бууз хийнэ гээд мах авсан байсан. Өөр зүйл ч нэмж бэлдээгүй л явна. Гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэнэ гэж бодож байгаа.

Гэртээ л байна даа. Цагаан сар тэмдэглэх ч хэцүү болих ч хэцүү л байна. Цагаан сар тэмдэглэх гэхээр тэтгэврийн зээл өгөхгүй чимээгүй л байна. Яагаад банкууд зээл өгөхгүй байгааг ч мэдэх юм алга. Бид чинь тэтгэврийн зээлээр л амьдарч байгаа шүү дээ.

Манайх цагаан сараа гэр бүл, ах дүүсийнхээ хүрээнд тэмдэглэх гэж байгаа. Эргэлзээтэй байгаа болохоор одоогоор гэрийнхэн цагаан сарын бэлтгэлээ базаагаагүй л байгаа.

Цагаан сараа тэмдэглэнэ дээ. Уламжлалт баяраа юу гэж алгасах вэ. Айл ах дүүс зориод ирэхэд тэмдэглэхгүй гээд юу ч зэхээгүй сууж байж болохгүй шүү дээ.

Гэрийнхэн тэмдэглэнэ гэж ярьж байгаа. Ер нь ёс заншил юм чинь тэмдэглэсэн нь дээр гэж бодож байгаа. Угаасаа л жил бүр тэмдэглэдэг шүү дээ. Томчуудынхаа шийдвэрийг дагаад л цагаан сараа хийнэ.

Цагаан сараа тэмдэглэх үү, болих уу гэдгээ хараахан шийдэж чадаагүй л байна. Гэр зуураа тэмдэглэе гэхээр эцэг эх маань Увсад байдаг. Очихгүй бол настайчууд хүлээнэ. Жил бүр л очдог ч энэ жил коронавирусийн өвчлөл гээд хаа сайгүй хөл хорио тогтоогоод байгаа болохоор яг яахаа шийдэж чадахгүй л байна. Бараг л Увс явж чадахгүй л болоод байх шиг байна даа. Гэртээ л цомхон тэмдэглэх болж байх шиг байна.

Энэ жил цагаан сар тэмдэглэхгүй. Манай ах дүүс, хамаатнууд бүгд тэмдэглэхгүй гэж ярилцсан. Гадуур томуугийн өвчлөл өндөр дээр нь эрсдэл ихтэй байгаа болохоор эрүүл байвал дараа нь тухтай сайхан нөхөөд тэмдэглэж болно. Эрүүл мэнд чухал учраас ярилцаад тэмдэглэхгүй гэж шийдсэн.

Энэ жил цагаан сар хийхгүй ээ. Өвчин зовлон гараад байхад юу гэж айлаар орж гараад явах вэ дээ. Гэртээ л байна гэж бодож байгаа.