ЭМЯ: 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. 

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.

Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна.

Хил хамгаалах газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаны хүн мэдээллээ. Хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хойш 14 хоног өнгөрөөд байна.

Монгол Улсын Засгийн газар УОК-ийн шийдвэрээр Монгол Хятадын боомтуудаар нэвтрэн хөдөлгөөнд зарим хязгаарлалтыг хийсэн. Түүнээс биш хилийн боомтыг түр хаагаагүй. Зөвхөн зорчигч тээвэр хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Тодруулбал Монгол Хятадын боомтуудаар Монгол Улсын иргэд гадагшаа тэр тусмаа БНХАУ руу хувийн хэргээр зорчиход хязгаарлалт хийсэн.  Харин албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа.

БНХАУ-аар дамжин бусад улс руу зорчиж байгаа иргэдийг хил нэвтрүүлж байгаа. Түүнчлэн тус улсад сурдаг, ажил эрхэлдэг иргэд зорчиж байна. Мөн төлөвлөгөөт болон зайлшгүй шаардлагын улмаас хагалгаанд орж байгаа болон хүндэтгэх шалтгаантай иргэд БНХАУ руу зорчиж  эрхтэй. 

БНХАУ-ын иргэд болоод Монгол Улсаас тус улс руу зорчиж байгаа гуравдагч улсын иргэд хилийн аль ч боомтоор чөлөөтэй зорчиж болно.

Үүний адил тус улсаас Монгол Улс руу зорчиж байгаа монгол иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон асуудал байхгүй. БНХАУ-ын иргэд тодорхой нөхцөлийн дор Монгол Улс руу зорчино. Тус улсын иргэд гуравдагч улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд бид хүлээн авч байгаа. Мөн Хятадын дипломат төлөөлөгчийн газрын албан хаагч, тэдний гэр бүлийг улсын хилээр чөлөөтэй хүлээн авч байгаа.

Хоёр улсын боомтоор ачаа тээврийн тээвэрлэлт эрхэлж байгаа машинууд нэвтэрнэ. Замын-Үүд боомтоор барилгын материал, жимс жимсгэнэ,  хүнсний ногоо болон бусад зориулалтаар улс орондоо ачаа тээвэр эрхэлж байгаа машин чөлөөтэй зорчино” гэв.

2020 оны хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагаас өнөөдөр өглөө 08:00 цаг хүртэл БНХАУ-ын талаас Монгол Улсын хилээр нийт орсон зорчигч 634, үүнээс Монгол Улсын иргэд 625 байна. Зорчигчийн журмаар 230 иргэн, хоёр улсын тээврийн 362 жолооч, нисэх багийн болон төмөр замын ажилтнууд нийт 33 хүн байжээ.

БНХАУ руу дурдсан хугацаанд Монгол Улсын 388 иргэн хилээр нэвтэрсэн. Үүнээс зорчигч 7, 342 жолооч, төмөр зам болон нисэх багийн ажилтан 39 зорчжээ.

371 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нэвтэрсэн үүнээс 271 нь нүүрс тээврийн машин бусад нь суудлын автомашин, агаарын хүлэг, галт тэрэг зэрэг багтсан.

-Вирусийн тархалт буурах шинж ажиглагдаж байна уу. Эм, эмчилгээний судалгааг ямар түвшинд байна вэ?

-ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирусийн халдварын тархалтын байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлт өндөр байна. Нас баралтын түвшин 2.2 хэвээр байна. Шинжилгээгээр тогтоогдсоноос гадна сэжигтэй тохиолдол хэдэн мянга бий. Энэ бол хэдхэн хоногт буурах төлөвтэй халдвар биш.

Өмнөх туршлагуудаас харахад вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэлзүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт. 

-Гадаадаас хандивлаж буй амны хаалтуудыг ямар хэлбэрээр тарааж байгаа вэ?

-ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Амны хаалт бол халдварт өвчнөөс хамгаалах найдвартай арга юм. Гаднын улсуудад ажиллаж, суралцаж байгаа иргэдээс олон тооны амны хаалтыг хандивлаж байгаа. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)