Сонгуулийн хуулиа баталж, тоглоомын дүрмээ тохирсон УИХ-ын гишүүд болон намууд дараагийнхаа сонгуульд бэлдэж байна. Намуудын ойрын зорилго нь сонгуульд ялалт байгуулах. Хэрэв ялалт байгуулбал хамгийн том баяр тэр байх нь ч ойлгомжтой. Гэхдээ тэр баяр хөөр удаан үргэлжлэхгүй. Дефолт зарлачихалгүйхэн шиг улс орноо хэрхэн удирдах вэ, өрийн дарамтаас яаж гарах вэ гэдэгт дөрвөн жилийн турш тархиа гашилгацгаах болно.

Учир нь, 2021 оноос гадаад бондуудын өр төлбөр нэхэгдэж эхэлнэ. Товчхондоо сонгуулийн ялалтын баяр хөөр жил хүрэхгүй хугацаанд л үргэлжилнэ гэсэн үг. Түүнээс хойш “Яах гэж сонгуульд ялалт байгуулав аа” гэж харамсах үе ч гарахыг үгүйсгэхгүй.

2016 оны УИХ-ын сонгуулиар одоогийн эрх баригч МАН “Монгол Улсын өр үлэмж хэмжээгээр нэмэгдэж, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөгт хүрлээ” хэмээн сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлсөн. Харин 2021-2024 онд төлөх Монгол Улсын өр тухайн үеийн эрх баригч намын сэтгэл зүйд ёстой жинхэнэ бодитоор нөлөөлнө. Гэхдээ энэ нь зөвхөн эрх баригчдын асуудал биш, нийт монголчуудын санаа зовох асуудал мөн.

Монголчууд “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэж ярьдаг. Тэгвэл зөвхөн хувь хүн бус улс даяараа өөдлөхгүй байх вий гэсэн айдас монголчуудад бий болох магадлалтай. Одоогоос гурван жилийн өмнө Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг хэрхэн төлөхөө шийдэж ядан, манай улс дефолт зарлахдаа тулж байлаа. Харин сөрөг хүчин байхдаа “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” хэмээн цэцэрхэж суусан МАН-ынхан Монгол Улс дефолт зарлахын даваан дээр өрийг өрөөр дарсан. Тодруулбал, Засгийн газар гадаад зах зээлд “Гэрэгэ” хэмээх бонд гаргаж, Хөгжлийн банкны 800 сая ам.долларын өрийг тэглэсэн. Энэ бол түр зуурын гал унтраасан алхам байлаа. Гэвч тухайн үед ингэхээс өөр арга байгаагүй.

Сургамж, сонор сэрэмж болгох үүднээс тэр цагт ямар нөхцөл байдалд хүрсэн бэ гэдгийг тухайн үеийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн байр сууриар хүргэе.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа тухайн үед ийм байр суурь илэрхийлж байлаа. Муу амлаж байгаа юм биш. Гэхдээ манай улс 2021- 2024 онд Монгол Улс түүний хэлсэн шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. 2021 оноос томоохон бондуудын өр нэхэгдэж эхэлнэ. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 600 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн намд амсхийх сөхөө олгохгүй өр төлбөр нэхэгдэнэ. Тийм л учраас 2020 оны УИХ-ын сонгуульд ялсан нам яллаа гэж баярлах ч үүрэх зовлон нь дэндүү хүнд байх нь. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх үүрэг тэднийг хүлээж байна. Энэ бол зөвхөн их хэмжээний өр төлбөр нь. Түүнээс гадна Засгийн газар баталгаа гаргасан жижиг өр төлбөр мундахгүй олон бий. Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 27.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Долоо орчим тэрбум ам.долларыг нь Засгийн газрын урт хугацаат өр төлбөр эзэлж байгаа юм. Үүнийг дотор нь задалж үзвэл 3.9 тэрбум нь зээл, үлдсэн нь бонд, өрийн бичиг.

Хэмжээгээрээ томоохон бондуудын өр төлбөрын дараа орох нь БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн төлбөр. Манай улс тус банктай 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн бөгөөд энэ онд хэлцлийн хугацаа дуусна. 15 тэрбум юань гэдэг бол 5.8 их наяд төгрөг гэсэн үг. Жилийн төсвийнхөө талтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг дор гаргах чадал манай улсад байхгүй. Тиймээс БНХАУ-ын Ардын банктай хэлэлцээ хийж своп хэлцлийн хугацааг сунгахаас өөр аргагүй. Энэ хэлэлцээрийг сунгах үүргийг Монголбанк хүлээгээд буй. Своп хэлцлийн хугацааг сунгасан ч, сунгаагүй ч 2020 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар төлнө.

Засгийн газрын ирэх жилүүдэд нэг дор төлөх өрийн хэмжээ, 600 сая, нэг тэрбум, 800 сая, 600 сая ам.доллар, 15 тэрбум юань гэх мэтээр үргэлжилнэ. Эдгээр өөрийг илэрхийлж буй тоо нь өөрчлөгдөхгүй ч төгрөгийн ханш сулрахын хэрээр төлөх хэмжээ нь нэмэгдсээр байна. 2016 оноос хойш өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувьтай дүйхэд ам.долларын ханшийн шууд нөлөөлөл их байсныг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн. Энэ бол эрх баригч намын улс төрийн албан тушаалтны намаа хамгаалсан үг бус тодорхой тоо баримтаар баталгаажиж буй бодит нөхцөл байдал юм. Тодруулбал, гадаад өрийн төгрөгөөр илэрхийлсэн хэмжээг 2016 оны сонгуулийн үетэй харьцуулахад гол өсөлтийн шалтгааных нь 75 хувьд валютын ханшийн хэлбэлзэл нөлөөлжээ. Товчхондоо, валтюын ханшийн зөрүүнээс өрийн дарамт улам л нэмэгдэж байна гэсэн үг.

Засгийн газар валютын ханшийг зөвхөн Монголбанкинд даатгаад орхивол төлөх ёстой өр төлбөр нь улам л нэмэгдэнэ. Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж 3.4 тэрбум ам.долларт хүргэсэн ч ам.долларын ханшийн өсөлтөөс болж манай улсын төлөх өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ тохиолдолд төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй Монголбанк гадаад валютын нөөцийг хэд дахин нэмэгдүүлсэн нь тийм ч чухал биш.

Одоогийн байдлаар нэг ам.доллар Монголбанкны албан ханшаар 2744 төгрөгтэй тэнцэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 290 орчим төгрөгөөр чангарлаа. Энэ болгонд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр ирсэн. Цаашид хэдий болтол валютын ханш өсөж, энэ хэрээр манай улсын ам.доллараар төлөх өрийн хэмжээ нэмэгдсээр байхыг хэлж мэдэх хүн үнэндээ алга. Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 20 орчим хувиар буулгана гэж байгаа боловч энэ байдлаараа валютын ханшийн өсөлт 2021 оноос төлөх өрийн хэмжээг улам өсгөж мэдэхээр байна. Тиймээс 2021 оноос төлж эхлэх өр төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдгийг төлөвлөж, бэлтгэл хангахаас гадна валютын ханшаа тогтворжуулах нь хамгийн чухал юм. Валютын ханшийг зөвхөн валютын нөөцөө нэмэх төдий хэмжээнд авч үзэх бус гадаадын шууд хөрөнгө оруулалт татах замаар валютын урсгалыг нэмэгдүүлэх л сонголт бий. Гэвч энгийн үед манай улсын төрийн тогтворгүй байдлаас эмээдэг хөрөнгө оруулагчид сонгуулийн өмнө итгэж хөрөнгө оруулалт хийх үү гэдэг нь өөрөө асуудал. Ингэхээр 2021-2024 онд тулсан үед хэрэглэдэг ганцхан арга буюу өрийг өрөөр дарах сонголттой зогсож байхыг үгүйсгэхгүй. Гадаад валютын нөөцөөрөө өрөө дарвал валютын ханш дийлэхийн аргагүй чангарч бүр ч эрсдэлтэй нөхцөл байдалд орох учраас арай өндөр хүүтэй шинэ бонд гаргах замаар хуучин бондынхоо өр төлбөрийг хаах сонголт бий. Гэхдээ энэ бол эцсийн мөчид л ашиглаж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх арга. Засгийн газар ч УИХ-аар батлуулсан Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигтээ энэ аргыг дурджээ. Гүйцэтгэх засаглал ирэх жилүүдэд төлөх 2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг дараах долоон аргыг хэрэгжүүлж барагдуулахаар төлөвлөсөн байна.

1. Төсвийн сахилга бат, санхүү мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах бодлогыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдал болон шинээр зээллэг үүсгэх хэрэгцээг бууруулна;

2. Өрийн удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох зохицуулалтын арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр шуурхай, бие даан авч хэрэгжүүлнэ;

3. Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авна;

4. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасыг эргүүлэн худалдан авахад гарах зардал нь ирээдүйд худалдан авах тухайн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр, бусад зардалд төлөх төлбөрийн өнөөгийн үнэ цэнээс бага байх нөхцөлд боломжит хэмжээгээр эргүүлэн худалдан авна;

5. Дахин санхүүжилт хийхээс өөрөөр арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаас гаргахаас татгалзаж, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэр ашиглахыг эрмэлзэнэ;

6. Засгийн газрын өрийн багц дахь хувьсах хүүтэй гадаад зээлийг зардал, эрсдэлийн судалгаагаар ашигтай нөхцөлд тогтмол хүүтэй зээлд шилжүүлнэ;

7. Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зэрэглэл тогтоогч байгууллага, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр тогтмол ханган хамтарч ажиллана.

Засгийн газар ийнхүү гадаад бондуудын өр төлбөрийг дээрх байдлаар төлнө гэж төлөвлөсөн бол “Голомт” банкны арилжааны хэлтсийн захирал, хөрөнгийн захын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ энэ талаар байр сууриа ийн илэрхийлжээ.

Бондуудын өр төлбөрийг барагдуулах нь Г.Мөнх-Эрдэнийн хэлж байгаа шиг ийм амархан, бас санаа зовох зүйл биш эсэхийг цаг хугацаа харуулна. Харин энэ их өрийг төлөх үүргийг хэн хүлээх нь хэдхэн сарын дараа болох УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тодорхой болох юм.