Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сайжруулна

Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээр 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлд 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжоор хангагдсан юм.

Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хоёр талын худалдааны эргэлт, экспортлож буй барааны нэр төрөл болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна. МҮХАҮТ болон Гадаад харилцааны яам хамтран хоёр улсын хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулах, үндэсний экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч шинэ коронавирусийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтийг цахимаар хүлээн авахаар шийдвэрлэжээ.

Тиймээс аж ахуйн нэгжүүд хоёр улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал, хүсэлт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг foreignrelations@mongolchamber.mn хаягаар илгээж болох нь. Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтэд тусгагдсан зарим нийтлэг асуудлуудыг ГХЯ-аар дамжуулан шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байгааг танхимаас мэдээлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)