-Халамж хөдөлмөрийн хөлснөөс их байхад хэн ажил хийхийг хүсэх юм бэ?-

Дондог эхнэр, дөрвөн хүүхэд, өндөр настай ээжийнхээ хамт хотын захын гэр хороололд амьдардаг. Түүний “ажил” урд гудамжиндаа худагны дэргэд хэдэн нөхдийнхөө хамт балга тагш эргүүлэх. Гуч хэдийнэ гарсан тэрээр хөдөлмөр эрхэлж үзээгүй. Ганц гавьяа нь цэргийн алба хаасан явдал нь. Аав, ээжтэйгээ аж төрж байгаад эхнэр авч, дөрвөн хүүхэдтэй болсон. Аав нь өөд болоод арван жил болж байгаа ч азаар ээж нь амьдралыг нь түшсээр байгаа. Дондог өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл худагны хажууд хэдэн нөхөдтэйгөө цагийг өнгөрөөнө. Өглөө албан ажилтай юм шиг тэд цуглана. Ярилцаж, тохиролцоогүй ч тааралддаг нь уламжлал аятай. Худагны гудамж тэр хавийн хамгийн хөл ихтэй газар. Яг дэргэд нь тэрүүхэндээ л томдоо тооцогддог дэлгүүр бий. Дэлгүүрийн эзний толгойн өвчин бас хамгийн сайн худалдан авагч нь тэд. Заримдаа Дондог болон түүний нөхөд худагны дэргэд эзгүй бол тэр хавийнхан үгүйлэх нь холгүй дасал болсон гэлтэй.

Түүний эхнэр Сүрэн аанай л Дондогийн нэгэн адил шар нар, бор хоногийг дэмий шахуу өнгөрөөнө. Нөхрөөсөө ялгаатай нь цагтаа хөдөлмөр эрхэлж үзсэн. Гартаа барьсан мэргэжилийн үнэмлэхтэй, ажлын туршлагатай нэгэн. Анхны хүүхдээ гаргасан цагаас буюу 12 жил хөдөлмөр эрхэлж үзээгүй. Ойр ойрхон хүүхэд төрүүлснээ тэр ажил хийхгүй байх шалтгаан гэж боддог ч түүнд ажил хийх боломж өчнөөн байсан. Хамаатны эгч нь цайны газар ажиллуулахдаа бэлтгэгчээр ажиллах санал тавьсан. Дараа нь үйлчлэгчээр ажиллах санал тавьсан ч тэр очоогүй. Мөн л тэр хавьдаа өөрийн хүрээллээ бүрдүүлж, үеийн хэдэн эмэгтэйчүүдтэй юухан хээхнийг хөөрсөөр өдрийг бардаг. Гэр орны ажилд ч санаа зовох зүйлгүй. Хадам ээжийн хараанд дөрвөн хүүхдээ даатгасан. Гудамж дамнаж, айл хэсэж тас тас хөхөрсөөр байгаадаа ч сэтгэл дүүрэн.

Дондог, Сүрэн хоёр ийнхүү гэртээ байх нь ховор тул 65 насны босгоор алхсан Дондогийн ээж Жавзан гуай хүүхдүүдийг нь тойлно. Багаас нь эцэг, эхийн анхаарал холдсон тул хүүхдүүд нь биеэ даасан. Том нь багуудаа чирсээр, аясаараа өссөн гэхэд болно. Жавзан гуай хүүхдүүдийн бүхий л зүйлд анхаарах гэж хичээнэ. Гал хөс, хоол унд гээд түүний санаа бүгдэд чилнэ. Бөгтийж жижгэрсэн тэрээр үрчийж борлосон гараараа ямар нэгийг хийсээр л өдрийг өнгөрөөнө. Насны эрхээр гуниг суусан нүдээрээ хүүхдүүдийг ширтэхдээ ирээдүйг нь төсөөлж ядна. Түүний хорвоогоос яардаггүй шалтгаан нь дөрвөн ач нь. Бусдаар бол сүүгээрээ өсгөсөн үрээ хар дарсанд толгойгоо мэдүүлэн хорвоог барахуйд өрцөөр нь хөндүүр салахгүй. Дондог, Сүрэн хоёул хөдөлмөр эрхлэхгүй тул тэднийд халамжаас өөр орлого үгүй. Улсаас өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмж гээд дөрвөн бяцханы 80 мянган төгрөг Сүрэнгийн дансанд орно. Хоёулаа хөдөлмөр эрхэлдэггүй, дөрвөн хүүхэдтэй тул хүнсний толан сардаа авна. Жавзан гуайн тэтгэврийн мөнгө ч тэдний хүнс, ахуйд зарцуулагдана. Цагаан сарын үеэр тавгийн боов ч Жавзан гуайн насны буянгаар ороод ирнэ. Тогоо нэгтэй юм гээд Жавзан гуай “Насны хишиг”-ийн  50 мянгаа ч Дондогийнд зарцуулна. Сүрэн өөрөө “Алдарт эх”- ийн хоёрдугаар зэргийн одонтой тул Эх үрсийн баяраас урьтаад одонгийн 100 мянгаа халаасална. Ингээд Дондогийн өрхийн орлого долоон биед нь хүрнэ. Жавзан гуай хүү, бэрийнхээ ямарханыг мэдэх тул ач нараа гэдэс цатгалан мөр бүтэн байлгахаар мэрийж өрхийн орлого хүнсэнд л үрэгдэнэ. Тэдний улсаас авч байгаа мөнгө ийнхүү хэрэглээг нь бэлхнээ хангах тул тэдэнд хөдөлмөр эрхлэх бодол ч төрөхгүй. Ирээдүйн тэтгэвэр тэдэнд хол санагдах тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх ойлголт ч байхгүй.

- Насны хишиг тэтгэмжийг жилд 2 удаа улсын төсвөөс олгоно. 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг авна.

- Нийгмийн халамжийн сангаас “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг олгодог.

- Нийгмийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онд (2019) 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 361.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн онд 2019 онд 493.3 мянган хүнд 303.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгов.

- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 2018 оноос 277.5 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 166.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

- Халамжийн тэтгэвэрт 2019 онд 60.7 мянган хүн хамрагдсаны 68.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

- Халамжийн тэтгэмжид 2019 онд 120.1 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.

- 18 хүртэлх насны сая хүүхдэд 229.6 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон.

Дондогийн ахуйг сайн мэдэх үеэл Болдод нь хааяа түүн шиг амьдрах хүсэл төрнө. Ядуу, хөдөлмөр эрхлэхгүй бол улсаас халамжаа хүртээд сэтгэл амар байх нь дээр мэт бодогдоно. Гэхдээ энэ нь байнга биш шантарсан үед нь л зурсхийдэг бодол. Учир нь, Болд хөдөлмөрлөөд, зүтгээд олсон хэд нь амьдралд нь арай ядан хүрдэг юм. Тэрээр хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн хувийн компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийг ахалдаг. Өглөө 09.00-18.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай. Эхнэр Туяа нь төрийн албан хаагч. Нөхөртэйгөө ажлын цаг нь таардаг. Бага ангийн хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдардаг.

Болдын өрхийн орлого тов тодорхой. Тэр өөрөө 1 000 000 төгрөгийн цалинтай. Түүнээсээ сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 115.000 төгрөг төлнө. Мөн түүнийхээ үлдэгдэл 885.000 төгрөгөөс хувь хүний онцгой албан татварын 10 хувь буюу 85.000 төгрөгөө төлөөд гар дээрээ 800.000 мянган төгрөг авна. Эхнэр Туяа нь сарын 800 мянган төгрөгийн цалинтай. Түүнээсээ мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараа төлөөд 637.200 төгрөг гар дээрээ авдаг. Ингээд гэр бүлийн хоёрын цалин нийлээд 1 437200 төгрөг. Болд сайн ажиллаж, хааяа нэмэгдэл авахыг эс тооцвол дөрвөн ам бүл энэ мөнгөө сард зарцуулна. Улсаас хүүхдийн мөнгө гэж сард 40 мянган төгрөг ордог нь багахан нэмэр. Үүнийг хоёр хүүхдийнхээ ирээдүйд зориулна гэж хадгаламжиндаа хийхийг хүсдэг ч үл чадна. Болдын өрхийн орлогын бүтэц ийм.

Харин орлогын зарцуулалт орон сууцны найман хувийн зээлийн төлөлтөөс эхэлнэ. Орлого нь хязгаарлагдмал тул Болд, Туяа хоёр сар бүрийн зарлагаа нарийн тооцоолно. Хүнс, ахуйн бараагаа сар сард нь тооцож авна. Бусад үед дэлгүүр орох нь ховор. Үлдсэнээ байр, цахилгаан, СӨХ-доо хүргэнэ. Болд зуны дэлгэр цагт амралтаа аваад гэр бүлээрээ аялах дуртай тул сарын орлогынхоо багахан хувийг цааш хийхийг хүсдэг ч мөн л ихэнх тохиолдолд арга буюу үрчихдэг аж. Хоёр хүүхэд нь гэрийнхээ хажууд улсын сургуульд сурах тул өдөр өнжүүлэхэд өгч, ажлынхаа хажуугаар зөөх шаардлага гардаггүй нь тэдний ажлыг хөнгөвчилдөг байна.

- Нийгмийн даатгалын сангийн орлого иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсан хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого, шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, улсын төсөв бусад эх үүсвэрээс бүрддэг. Эргээд сангийн зарцуулалт нь тэтгэвэр тэтгэмжид шингэнэ

- Энэ оны төсөвт гэхэд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг нийт 168.1 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр нийгмийн даатгалын 418.4 мянга, нийгмийн халамжийн 137.5 мянга, нийт 555.9 мянган тэтгэвэр, тэтгэмж авагчийн орлого дунджаар 8 хувиар нэмэгдэхээр байгаа юм.

Дондогийнх бол Монголын халамж хүртэгч мянга мянган өрхийн төлөөлөл. Бас халамж хүртдэг ч эргээд улсад орлого оруулдаггүй хүмүүсийн төлөөлөл юм. Харин Болдынх Монголын халамж бүрдүүлэгчдийн төлөөлөл. Үүнээс Монгол Улсын халамж хүртэгч, бүрдүүлэгчдийн ялгаа, оролцоо, нөхцөл байдлыг харж болно. Монгол Улсад өрхийн хүлээн авсан орлогыг тооцоход нийт орлогод улсаас өгсөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого ихээхэн хувийг эзэлдэг. Харин эргээд улсад шилжүүлж байгаа буюу нийгмийн даатгалын шимтгэл, бусад шилжүүлэг нь орлогоосоо гурав дахин бага байна гэсэн тооцоо гарчээ. Энэ тухай Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газраас гаргаснаас нягтлан харвал улсаас тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд оруулсан дүн өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг байхад, эргээд өрхийн сектороос улсын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн буюу нийгмийн даатгалын шимтгэл, орлогын татвар нь 879.3 тэрбум байгаа юм байна. Товчхондоо, Дондогийнх шиг долоон ам бүлийн зургаа нь халамж хүртэгч. Тэгсэн хэрнээ улсын төсөвт хувь орлого оруулдаггүй өрх давамгайлсан байна.

Мэдээж халамж бол тухайн улсад байх ёстой зүйл. Олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, хүн амаа өсгөх бодлоготой уялдуулан жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж өгөх. Мөн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж өгөх нь зүйн хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх, Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа 50 түүнээс дээш хувиар алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоход ч буруу зүйлгүй.

Гэвч халамж хэтрэх нь зүгээр суугчдын сэтгэхүйд бэлэнчлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтнүүдийн нурууны ачааг хүндрүүлэх халгаатайг дээрх хоёр өрхийн жишээнээс харж болно. Тэр тусмаа өнөөгийн Монголын ажлын байрны хомсдол, идэвхгүй хүн амын илүүдэлтэй энэ үед халамжийн халгаа нь л нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын санд 600 мянга гаруй шимтгэл төлөгч байдаг гэдэг ч эргээд зөвхөн нэг төрлийн халамжийг авагч нь 600 гаруй мянга байгаа юм. Ийнхүү халамж хөдөлмөрийн хөлснөөс их байхад хэн ажил хийхийг хүсэх юм бэ.