“Жижиг” уурхайнуудын том зовлон

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан. Энэ нь зээлтэй ахмадын магнайг тэнийлгэж, зээлгүй заримынх нь шарыг хөдөлгөсөн. Тэр бүү хэл зээлгүй гээд зарим нь уйлсан. Ийнхүү зээлгүй ахмадуудын зарим нь уйлж байхад нийслэлийнхний “гал” болсон уурхайнхан өрөө дийлэхгүй уйлах нь холгүй байгааг учирлая.

Улаанбаатараас зүүн урагш 265 км зайд, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Шивээ- Овоогийн уурхай 582 ажилтантай. Одоогоос 20 гаруй жилийн өмнө тухайн үеийн Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн “гал” болсоор байгаа юм. Уурхайн нүүрсний орд нь 29.5 мянган га талбайг хамардаг бөгөөд нийт 2.7 сая тонн нүүрсний таамаг нөөцтэй. Орд нь “Шинэ ус”, “Өехий цагаан” болон “Ногоон тойром” гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Үүнээс “Шинэ ус”-ны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК- ийн тусгай зөвшөөрөлтэй 4.2 га талбайд “Шивээ овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна. “Шинэ ус”-ны хэсэг нь нийт 605 сая тонн нөөцтэй юм. Өдгөө Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 28.3 хувийг нийлүүлж, эрчим хүчний 70 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. “ДЦС IV” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж, “ДЦС-3”,” Амгалан” дулааны станц, Бор-Өндөр, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, Сэлэнгэ зэрэг цахилгаан, дулааны станцуудад нүүрсээ нийлүүлдэг стратегийн томоохон орд газрын нэгд зүй ёсоор багтдаг.

“Шивээ-Овоо” компани жилд хоёр сая тонн нүүрс олборлож байгаа. Үүнийхээ 300 мянган тонныг Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгаас гадна Замын- Үүд, Хөтөлийн дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг. Олборлосон нүүрснийхээ 85 хувь буюу 1.7 сая тонныг нь “ДЦС-IV” рүү ачуулдаг. Энэ нь “ДЦС- IV”-ийн нүүрсний хэрэглээний 50 хувь юм. Уурхайн нэг тонн нүүрс олборлох бодит өртөг 30560 төгрөг. Харин нүүрсээ нийлүүлэхдээ тонн тутмыг нь 29070 төгрөгөөр зардаг. Ингээд өртөгөөсөө хямдаар нүүрсээ худалдаж, алдагдалтай ажилладаг юм. Дээрээс нь ужгирсан өр нь уурхайг өндийлгөдөггүй хамгийн том шалтгаан. Үүний улмаас компанийн нийт өр 116.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс урт хугацаат өр 66.5, богино хугацаат өр 50.3 тэрбум төгрөг байна. Түүнчлэн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь актлагджээ.

Багануурын уурхайн хувьд ч байдал яг адил. “Дулааны цахилгаан станц II, III”-ыг бүрэн, “Дулааны цахилгаан станц IV”-ын 60, Дарханы дулааны цахилгаан станцын 28.3 хувийг дангаараа нүүрсээр хангадаг. Өнөөдөр тухайн уурхайн тонн нүүрсний өртөг 39036 төгрөг байхад, борлуулах үнэ 33500 төгрөг буюу зургаан мянган төгрөгийн алдагдалтай байна. Түүнчлэн техникийн шинэчлэл өргөтгөл хийхээр 1996-1997 онд Дэлхийн банкнаас 26.5 тэрбум төгрөг, Япон улсын Засгийн газраас 19.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Уг зээлээс шалтгаалан компанийн орлого, зарлагын харьцаа алдагдаж, төлбөрийн чадвар муудаж, өр нэмэгдэж, үйл ажиллагаанд нь хүндрэл учирч эхэлсэн. Түүнчлэн уурхай 20 гаруй жилийн турш өрийн дарамтад орж, техник технологийн шинэчлэл хийж чадаагүй. Өнөөдөр уурхайн нийт өр 200 орчим тэрбум төгрөг болжээ.

Тэгвэл үүнтэй яг ижилхэн зовлонг “Шарын гол” ХК-ийнхан саяхан хөндсөн. Тус компанийнхан хэлэхдээ, нүүрс олборлох бодит өртөг 47000 төгрөг байхад станцуудад нүүрсээ нийлүүлэхдээ 40500 төгрөгөөр өгдөг. Энэ нь компанийг алдагдалд оруулж байна гэсэн юм. Үүний хариуд Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр, 2019 онд 2000 төгрөгөөр нэмсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дүнгээр авч үзвэл нийт 10500 төгрөг буюу 35 хувиар нэмэгдүүлж, 40500 төгрөг болгожээ. Түүнчлэн тус уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлснээр 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардагдах тул хэрэглэгчийн цахилгааны үнийг кВт.ц тутамд хоёр төгрөгөөр нэмэгдүүлэх бодит шаардлага үүсэх тооцоотой гэдэг тайлбар өгсөн юм. Шарын голын уурхайгаас жилд сая тонн нүүрсийг Дархан, Эрдэнэтийн дулааны станцад нийлүүлдэг. Энэ нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 15 орчим хувийг эзэлдэг байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үнэ тарифыг батлах, нөгөө талдаа хэрэглэгчийн эрчим хүчний үнийг баталдаг. Өөрөөр хэлбэл, нэг талдаа хэрэглэгчийн, нөгөө талдаа үйлдвэрлэгчийн эрх ашгийг хангаж, үнэ тарифаа тогтоодог гэсэн үг. Уурхайнуудын нүүрсний үнийг тогтооход бодит өртөг дээр суурилж тогтооно. Тэгэхгүй бол хэрэглэгчийн цахилгааны үнэд нөлөөлнө.

Энэ гурван уурхай яг ижилхэн үүрэг гүйцэтгэдэг. Нүүрс олборлоод, түүнийгээ станцад нийлүүлдэг. Гагцхүү нийлүүлдэг хэмжээ, тонн нүүрсний үнэ, статус, эрх зүй нь өөр юм. “Шарын гол”-ынхны хувьд нөгөө хоёр уурхайгаасаа өндөр өртгөөр нүүрсээ худалддаг. Гэсэн ч алдагдлаа дийлэхгүй байгаагаа зарласан. Тэгвэл нөгөө хоёр уурхайн хувьд байдал ойлгомжтой. Гагцхүү төрийн өмчит гэх сэтэртэй тул гомдоллох эрхгүй. Тэгвэл эдгээр уурхайнуудыг энэ зовлонгоос нь салгах арга нь “нүүрсний үнийг чөлөөлөх” гэдэг.

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж

Улс иргэдэд хямд тарифаар цахилгаан өгдөг гэдгийг ихэнх нь мэддэггүй. Дээрээс нь хямд цахилгаан үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хямдаар худалдсан хэр нь эрчим хүчний станц нь хуучирсан технологитой. Өнөөдөр нэг станц ажиллагаагүй болж гэвэл гайхах зүйлгүй. Манай станцууд олон жил ажилласан туршлагатай инженерүүдийн хүчинд л ажиллаж байна. Урсгал засвар үйлчилгээ хийх маягаар л торгоогоод явдаг.

Өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцуудыг зах зээлийнх нь горимоор ажиллуулж, цахилгааны үнийг чөлөөлөх. Ингэснээр уурхайнууд ч гэсэн нүүрсээ бодит өртгөөсөө давж зарж, ашигтай ажиллана. Нөгөө талаас хэрэглэгчид эрчим хүчний үнэ цэнийг мэдэж, салбар нь ч тэр хэрээр хөгжинө гэдэг өнцгийг хэлдэг. Харин төрийн зүгээс эрчим хүчний халамжаа ч зогсоохыг хүсдэггүй. Бүх ачааг нь нуруундаа үүрээд замынх нь чулууг түүхийг хүсдэг гэхэд худал болохгүй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү

Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй тохиолдолд нүүрсний үнийг чөлөөлөх боломжгүй. Нүүрсний үнийг огцом нэмэгдүүлэхэд эрсдэлтэй учраас жил бүр бага багаар өсгөж, уурхайнуудыг алдагдалгүй ажиллуулахаар зорьж байна.

Ингээд л эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн “жижиг” гэх тодотголтой уурхайнууд том зовлонд унаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)