Мэргэжлийн боксын WBA холбооны 57.2 кг-ын жингийн аваргын төлөө тулалдах Гэри Рассел жуниор Нямбаярын Төгсцогт нарын тулааны өмнөх хэвлэлийн бага хурал хэдхэн цагийн өмнө болсон билээ. Энэхүү хурал дээр манай тамирчин Н.Төгсцогт боксын түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагчийн нэг  Исмаиль Саластай хамтарч ажилласан талаараа дурджээ. “Би ямар ч тулааны өмнө сандардаггүй. Шилдэг нь гэдгээ харуулахын тулд би дэвжээн дээр хөдөлмөрлөсөн. Исмаил Саластай хамтарч ажилласан нь их үр дүнтэй болсон. Түүний ачаар ур чадвар маань шинэ түвшинд гарсан гэж бодож байна. Хурд, хүч бүх л зүйлээ тулаан дээр харуулна” хэмээн ярьсан байна.

Исмаиль Салас.

Исмаэль Салас сонирхогчдын бокст байхдаа Куба, Пакистан, Тайландын шигшээ багийг удирдан оргил амжилтыг нь гаргуулж байсан бөгөөд мэргэжлийн бокст шилжсэнээсээ хойш дэлхийн 19 аваргыг төрүүлэн гаргасан алдартай мэргэжилтэн юм.

Г.Рассел харин Н.Төгсцогттой хийх тулаан урьд өмнөх тулаануудаас ялгарах юмгүй гээд дэвжээнд гараад хийдгээ л хийнэ, хурд хүч, ухаан зарсан дээд түвшний бокс үзүүлнэ хэмээн тоомжиргүй өгүүлсэн байна. Тэрээр мөн жингээс үл хамаарсан боксчдын чансаанд өөрийг нь оруулдаггүй нь алдаа гэсэн утгатай үг хэлсэн байна. Харин хэвлэлүүдэд “Н.Төгсцогт Г.Расселыг жингээс хамааралгүй аваргуудын чансаанд оруулчихаар хүчтэй өрсөлдөгч биш. Гэхдээ энэ нь өрсөлдөгчөө үл тоох, хялбархан ялна гэж онгирох шалтгаан биш” хэмээн бичжээ.