
Засгийн эрхийг барьж буй улс төрийн нам дараагийнхаа сонгуулийн хуулийг өөртөө хамгийн таатай байдлаар баталдаг. Мөн сонгуулийн хуулиас ч дутахааргүй чухал нэгэн тогтоолыг баталдаг юм. Энэ бол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоол. Олон нийт улстөрчдийг хор найруулдаг хэмээн ярьдагчлан дараагийн сонгуульд хэрхэн ялах вэ гэдэг хороо уг тогтоолыг хэлэлцэх үедээ сайтар найруулдаг юм. Гэвч эрх баригч нам энэ хорондоо өөрсдөө хордож дараагийнхаа сонгуульдаа ялагддаг. Гэхдээ энэ нь эрх баригчид хороо муу найруулснаас бус сонгогчид МАН, АН-ыг ээлжлэн сонгодгоос болдог юм. Энэхүү зүй тогтол ирэх сонгуулиар өөрчлөгдөх үү, үгүй юү.
Ямартай ч, эрх баригч МАН УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслөө өөрсдийнхөө хүслийн дагуу баталсан. Учир нь, МАН-ын боловсруулсан тогтоолын төсөлд хэн нэгэн саад болж, ямар нэгэн өөрчлөлт оруулсангүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж заасны дагуу МАН мандат хуваарилах тогтоолын төслөө боловсруулсан юм. Олон мандаттай тойрог гэдэг нь хамгийн багадаа хоёр мандаттай тойрог байна гэсэн үг. Тиймээс өмнө нь ганц мандаттай байсан Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгосон. Мөн ганц мандаттай байсан Дундговь аймгийг Говьсүмбэр аймагтай нэгтгэн хоёр мандаттай болгосон юм. Улмаар орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор мандатаа хуваарилж, батлав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн мандатаас дөрвийг нь хасч орон нутагт нэмлээ. Ингэснээр 76 мандатын 31 хувь нь нийслэлд, үлдсэн 69 хувь нь орон нутагт ногдож байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн юм.
21 аймгаас Дундговь, Говьсүмбэр хоёрыг нэгтгэснээр орон нутаг 20 тойрогт хуваагдаж байгаа бол нийслэлд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтэж нэг тойрог болгосноос гадна, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр тойрогт хувааснаар есөн тойрог болж байгаа юм. Өмнөх сонгуулиар Чингэлтэй дүүргийн зарим хороог Налайх дүүрэгтэй нэгтгэх гэх мэтээр тойрог байгуулсан. Орон нутагт ч мөн ялгаагүй хил залгаа бус сумдыг хооронд нь нэгтгэж тойрог байгуулж байв. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэг сайн заалт орсон нь “Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна” гэсэн заалт юм. Тиймээс хил залгаа аймаг, дүүргийг нэгтгэснээс гадна дүүргүүдийг хоёр хуваахдаа хил залгаа хороодыг нэгтгэн нэг тойрог болгосон байна.
2016 оны сонгуулиас ялгаатай нь тойргоо ийнхүү шударга зарчимд нийцүүлэн байгуулсан бол мандатаа хуваарилахдаа шударга бус хандсан гэдгийг цөөнхийн гишүүд шүүмжилж байлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.2-т Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.4-т “Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно” гэсэн заалт бий. Гэвч “Мандат хуваарилах шалгуур үзүүлэлтүүдийг ижил тэнцүү хэмжээнд баримтлаагүй. Хүн амын тооноос илүү газар нутгийн хэмжээг чухалчиллаа. Нэг мандатын ард хэдэн сонгогч байгаа тухай мэдээллийг нууцаллаа” гэсэн шүүмжлэл гарсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд нэг мандат тус бүрийн ард хэдэн сонгогч ногдож байгаа тухай мэдээллийг гаргаж өгөхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос шаардсан боловч энэ мэдээллийг ил болголгүйгээр тогтоолоо баталсан. Тиймээс 2019 оны жилийн эцсийн байдлаар УИХ-ын сонгуулийн 29 тойрог тус бүр хэчнээн хүн амтай, хэдэн сонгогчтой байгааг танилцуулж байна.
