Коронавирусийн тархалт Монголын эдийн засагт нөлөөлөх нь

Коронавирусийн дэгдэлтээс үүдэж Монголын эдийн засагт хэд хэдэн эрсдэл гарахаар байна.

Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн уналт болон БНХАУ-ын эдийн засгийн сааралтаас улбаалан Монголын уул уурхайн салбарын экспортын орлого хумигдах нөхцөл байдал үүсэж байна. Энэ оны улсын төсөвт Монгол Улс уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Ингэхдээ нүүрсний дундаж ханшийг 79 ам.доллар, зэсийнхийг 5990 байхаар тооцсон юм. Гэвч зэсийн ханш коронавирусийн дэгдэлтээс болж буюу энэ сарын 14-нөөс хойш 12 хувиар буураад байна. Одоогоор зэсийн ханш тонн тутамдаа 5646 ам.доллар болоод байгаа юм. Тэгвэл газрын тосны ханш 15 хувиар доошилж, 54 ам.доллар боллоо. Мөн төмрийн хүдрийн зах зээлийн үнэлгээ ч найман хувиар буурсан байгаа юм.

Зорилтдоо хүрч чадахгүйд тулах дараагийн нэг салбар нь аялал жуулчлал юм. Монгол Улс  2020 он гэхэд сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гэвч коронавирусийн тархалт нэмэгдэж байгаагийн улмаас ДЭМБ онц байдал зарласан. Ингэснээр нислэгүүд цуцлагдаж, улсууд гаднын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр ч гаргасан. Монгол  Улс ч хилээр орох, гарах иргэдэд хязгаарлалт хийгээд буй. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гуравдугаар сарын 2 хүртэл Хятад улс руу зорчихыг хориглосон. Мөн энэ хугацаанд урд хөрштэй хиллэдэг боомтуудаар гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.

Энэ эрсдэлээ дагаад Монголын  худалдаа, үйлчилгээний салбарын орлого буурах, үүнтэй уялдаад үйлдвэрлэл ч мөн удаашрах эрсдэл байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. mongol geltgui delhii hyamarch bna shdee.hurdan daragdaasai l gej zalbirahaas daa

    1 0 Хариу бичих