Коронавирусийн халдвараас болж Хятадад зохиогдох байсан олимпын эрх авах тэмцээнүүд хойшлогдоод байгаа. Улмаар цахим ертөнцөд "Токио-2020 цуцлагдав" гэсэн мэдээлэл тархаад байна.
Тэгвэл Токиогийн наадмыг зохион байгуулагчид олимпыг цуцлах талаар ямар ч яриа, хэлэлцээр явуулаагүй гэж мэдэгдлээ. Гэхдээ шинэ вирусийн үзүүлж болзошгүй нөлөөллөөс маш их санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Токио хотын дарга Юрико Койкэ, “Вирусийн тархалтыг тогтоон барихад иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүнд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэсэн юм. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ долдугаар сарын 24-нд эхлэх олимпын наадмаас урьтаж халдварт өвчинтэй тэмцэх ажлаа эрчимжүүлнэ гэж мэдэгдэв.
2016 оны Рио Де Жанейрогийн олимпын өмнө зика вирусийн халдвар гарч байв. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангасны үр дүнд олимпын үеэр зика вирус туссан тохиолдол гараагүй байна.