Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаа хийх байлаа. Тус хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу Цэц 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль, тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийг хэлэлцэх байсан юм. Гэвч Цэц Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, гуравдугаар сарын 2 хүртэл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хуралдаанаа хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Уг нь Цэцийн дунд суудлын хуралдаанд нэг их олон хүн оролцдоггүй. Цэцийн таван гишүүн, мэдээлэл гаргасан иргэдийн төлөөлөл (хамгийн ихдээ хоёр иргэн), УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч (хамгийн ихдээ хоёр гишүүн), хурлын тэмдэглэл хөтлөгч нэг ажилтан, цөөн тооны ажиглагч, сурвалжлагч оролцдог. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүд дунд суудлын хуралдаанаа олон нийтийн арга хэмжээ гэж үзэн гуравдугаар сарын 2 хүртэл хуралдахгүй байхаар шийдвэрлэлээ. Тэднийхээр бол хүний эрх зөрчигдөж байсан ч хамаагүй шүүх засаглал үүргээ гүйцэтгэхгүй байж болох юм байна. Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр нь коронавирусээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ гэхээсээ улс төрийн зорилготой гэсэн хардлага төрүүлж байна. Товчхондоо бол цүүндээ гол нь биш гэдэг шиг коронавирусэндээ гол нь биш юм. Яагаад гэдгийг тайлбарлая.
УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан даруйд иргэн А.Кадырбек тус хуулийн 30.8 дахь заалт буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан. Мөн гавьяат хуульч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Түүнийг олон нийт гавьяат хуульч гэхээсээ илүү МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэж харж байгаа нь нууц биш. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг зарим хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэж үздэг. Түүнд зориулсан ч бай, үгүй ч бай уг заалтыг тойрсон маргааныг хагалах газар нь Үндсэн хуулийн Цэц. Эрх баригч намын дэмжлэгтэйгээр УИХ-аас томилогддог Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд энэхүү маргааныг хагална гэдэг амаргүй. Уг нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат байдлаар ажиллаж ирснийг нь өмнөх үеийн түүхүүд нь гэрчилдэг. Мөн энэ удаагийн шийдвэрээрээ ч гэрчилж байгаа бололтой. Тодруулбал, Цэц иргэн А.Кадырбек, Ц.Шаравдорж нарын мэдээллийг хэлэлцэхгүй хугацаа хожих гэсэндээ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хуралдахгүй гэсэн шийдвэр гаргачих шиг боллоо. Ийм шийдвэр гаргахад коронавирусээс илүү УИХ-ын сонгуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх маргаан нөлөөлсөн гэсэн үг.