Монголын үндэсний бөхийн аварга, арслан тэргүүтэй бөхчүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд мэдээлэл хийж, Монголын үндэсний бөхийн холбоонд шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, тэргүүлэгч гишүүн Б.Түмэнбаяр нар мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаяр "Одоо ид барилдаж байгаа улсын аварга, арслан, гарьд тэргүүтэй 262 бөх гарын үсгээ зурсан шаардлагыг Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлсэн. Шаардлагадаа Монголын үндэсний бөхийн холбооны Их эеийг зарлан хуралдуулах, допингтой холбоотой асуудлыг эмхлэх гэх мэт асуудлуудыг тусгасан байсан. Монголын үндэсний бөхийн холбооноос баримтлаж байгаа бодлого, зарчим эдгээр бөхчүүдээс тавьсан шаардлагатай нийцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдсан. Улмаар ээлжит бус Их эеийг товлон зарлаж хуралдуулах үүргийг Цэцдийн зөвлөлийн даргын хувьд надад хүлээлгэсэн. Бөхчүүд шаардлагадаа хоёрдугаар сарын 1-ний дотор Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, хоёрдугаар сарын 10-ны дотор Их эеийг хуралдуулахыг дурдсан байсан. Энэ шаардлагынх нь дагуу хоёрдугаар сарын 1-нд Цэцдийн зөвлөлөө хуралдуулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч бөхчүүд маань дахин хүсэлт ирүүлж цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Цэцдийн зөвлөлийн хурлыг гуравдугаар сарын 2 хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн. Энэхүү хүсэлтийг нь хүлээн авч Цэцдийн зөвлөлийн хурлыг хойшлууллаа. Гуравдугаар сарын 2-нд Засгийн газраас хөл хорио тогтоосон арга хэмжээ цуцлагдахаар Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Их эеэ товлоно" гэсэн юм.

Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав "Аварга цолтой бөх допинг худалдаж авсан гэсэн яриа гарсан. Уг асуудлыг наадмаас хойш гарсан допингийн асуудалтай нэгтгээд шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-т өгсөн. АТГ нэр бүхий эмч нарт хэрэг үүсгээд шалгаж байгаа" гэв.