-Гэр рүүгээ гүйж явсан хүү зодоонч нохойд бариулж, амиа алдлаа-

Таван настай бяцхан хүү эмээгийнхээ гэрээс “бие засаад ирье” хэмээн гэр рүүгээ гүйхдээ хайртай эмээ дээрээ эргэж ирэхгүйгээр явна гэдгээ яахан мэдэх билээ.

Тодруулбал, энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт айлын нохой хүүхэд барьж амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм. Ингээд бид хэргийн мөрөөр нэхэн сурвалжиллаа.

Биднийг талийгаач хүүгийн гэрт /өчигдөр/очиход ар гэрийнхэн нь лам залан ном хуруулж байв. Тэд талийгаач хүүг өнөөдөр хөдөөлүүлэхээр ийнхүү буяны ажлыг нь гүйцэтгэж байсан юм.

-Хөршүүд нь нохойг мод, тоосгоор нүдсэн ч тавихгүй байжээ-

Хэрэг гардаг өдөр таван настай хүү эмээгийндээ хамаатныхаа эгчийн хамт байжээ. Эмээгийнх нь гэр хүүгийн гэрээс нэг хашааны зайтай байдаг учраас бяцхан хүү эгчдээ худал хэлэн сэмхэн гэрээсээ гарч гүйжээ. Ингээд гэр рүүгээ гүйж явах замд хамар хашаанд уяагүй байсан нохой хашаатайгаа зэрэгцэх шахам хунгарласан цасаар давж, хүү рүү дайрсан байна.

Өдрийн цагаар уяагүй байсан гэх энэ нохой “Дундад Ази” үүлдрийн буюу “зодоонч” нохой байжээ

Талийгаачийнхаас холгүй амьдрах хөрш эмэгтэйн хэлж байгаагаар 14:00 цагийн орчимд тэрээр эмнэлэгт хэвтсэн нөхрөө эргэчихээд гэртээ ирж явтал хүүхэд уйлж, нохой хуцах дуу гарчээ. Сандарсан эмэгтэй нохой руу мод, чулуу шидэж “Айлын нохой хүүхэд барьчихлаа. Хүн дуудаарай гэсээр” хүүгийн зүг гүйсэн байна.

Энэ үеэр ойролцоох айлуудаас хоёр эрэгтэй гэрээсээ гарч ирэн хүүгийн хүзүүнээс зуучихаад тавихгүй байсан нохойг банзаар цохисон ч нохой угзчиж явсаар 20 метр орчим хэртээ зугтжээ. Ингээд арайхийн хүүг салган авахад хүү ухаангүй, хамаг бие нь цусанд будагдсан, нүд хальтрам төрхтэй болсон байжээ.

Тэд түргэн тусламж болон цагдаа дуудсаны дараа хүүгийн гэрийнхэнд дуулгасан байна. Түргэний эмч цаг алдалгүй ирж, хүүг ГССҮТ-рүү авч явжээ.

-Нохой хүүг нүд хальтрам болгосон байжээ-

Хүү ГССҮТ-д ирэх үедээ биеийн байдал маш хүнд, их хэмжээний цус алдсан, царай нь хөхөрч, ухаангүй байжээ. Эмч нарын хэлж байгаагаар хүү нүд хальтрам болж, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь  цувсан, дунд чөмөг нь бяцарсан байжээ.

-Хүүг барьсан Дундад Ази үүлдрийн нохой-

Үүнийг харсан эмч нар “ямар нохой ийм болгосныг гайхаж байсан”-ыг хэлж байна. Хүү эмнэлэгт хүргэгдэж ирээд есөн цагийн дараа шархаа дийлэлгүй амьсгал хураажээ.

Бяцхан үрээ алдсан ээж “Миний хүү хөхнөөсөө ч гүйцэд гараагүй таван настай нялх амьтан байсан шүү дээ. Хашааны хаалга дуугарах бүрд хүүгээ гүйгээд л ороод ирэх юм шиг чимээ чагнан хүлээсээр сууна.

Гэртээ хаашаа л харна түүний минь хэрэглэж, тоглож байсан бүхэн нүдэнд тусаад хүүгээ биднийг орхиод явсан гэхээр ердөө ч итгэхгүй” байна хэмээн хоолой зангируулан ярьж, уйлж байв.

Харин талийгаач хүүгийн аав “Ямар нохойтоогоо мэддэг байж гинжилж болно шүү дээ. Миний хүү чинь айлын дунд хүү. Жил дараалан гарсан хоёр хүүхдийн маань том нь болохоор дүүг нь харахаар өрөвдөөд байна. Арай ч дээ. Энэ хавийн хүмүүс “Нохойгоо уяж бай” гэжөчнөөн хэлдэг байсан. Хүүхэд байтугай бид нар ч өглөө орой орж гарахдаа айдаг байсан” хэмээн нулимс дуслуулан байлаа.

-Нохойны эзэн хүүгийн буяны ажилд туслаж байв-

Хэрэг гардаг өглөө хамар хашааны залуу нохойгоо хооллосныоо дараа уяанаас нь тавьчихаад гэрээсээ гарсан байна. Тэрээр гурван ч нохой хашаандаа тэжээдэг бөгөөд сүүлийн хоёр жилд тэднийд хэдэнтээ хулгай орсон учраас ийнхүү нохойнуудаа ээлжлэн нэг нэгээр нь тавьдаг байсан гэх.

Гэрийн эзэн ихэнхдээ хөдөө орон нутгаар олон хоногоор ажил хийж явдаг байсан тул түүний эзгүйд найз нөхөд, гэрийнхэн нь нохойг хооллодог байсан талаар ярьж байлаа.

Тэрээр “Манайд ач, зээ болон бага насны хүүхдүүд ирээд хашаанд тоглож нааддаг байсан. Гэвч ингээд айлын хүүхэд барьчихна гэж санасангүй. Ар гэрийнхэнд нь туслаад орж гараадявж байна. Сая буяны ажилд нь зориулж, лам залчхаад гэртээ орж ирлээ. Хэрэг болсон тухай хөдөө явж байхад утсаар ярьж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас надаас мэдүүлэг авсан. Одоогоор “Хүүгийн буяны ажлыг гүйцэлдүүлэхэд тусал” гэсэн. Маргаашаас хорих байх. Хуулиараа нохой нь хүн барьж, тухайн хүн амиа алдсан бол таван хүртэлх жилийн ял өгдөг гэсэн” хэмээн ихэд санаашран ярьж байв.

Тухайн өглөө гэрийн эзэд “Дундад Ази” үүлдрийн нохойныхоо эрийг нь ийнхүү гинжнээс нь суллан үлдээсэн байна. Тэрээр гэрээсээ гарахдаа сүүлийн өдрүүдэд орсон цас хашаатай нь зэрэгцсэнийг огт анзаараагүй гэнэ.

Эднийх Баруун салаанд нүүж ирээд хоёр жил болж байгаа аж. Анх нүүж ирэхдээ л “Дундад Ази” үүлдрийн эр эм нохой худалдан авч тэжээсэн гэнэ.

Хөршүүд нь түүний талаар ярихдаа яриа хөөрөөтэй, ойр орчны хүмүүстэй мэндийн зөрүүтэй тусч залуу байдаг гэдгийг хэлж байлаа.Тэднийх ихэвчлэн хүнгүй хүнгүй шахуу байдаг гэдгийг ч хөршүүд нь ярьсан юм.

Харин эл хэрэг гарснаас хойш тус хорооноос шөнийн цагаар эзэнгүй нохой ангчуулах ажлыг эрчимтэй хийж эхэлжээ. Учир нь тус хорооны оршин суугчид энэ хэсэгт эзэнгүй нохой олон байдаг учраас өглөө, оройд айж эмээж явдаг талаараа ярьж байлаа.