-Жолооч нар автобус явж өнгөртөл тасархай шугамаар нэгдүгээр эгнээ рүү орохоор хүлээх ёстой-
Энхтайваны өргөн чөлөөгөөр Төв шуудангийн уулзвар руу зүүн талаас ирэх замд аль эгнээгээр явахыг заасан тэмдгүүд тавигдсан байгаа. Үүнээс "чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ" тэмдэг нь баруун гар талаасаа хоёр дахь эгнээг зааж байгааг төвөггүй харж болно. Гэтэл баруун гар тийш эргэх эгнээнд байгаа камераар зөрчил илрүүлж торгуулийн хуудас гэрийн хаягаар ирүүлдэг гэх жолооч нарын гомдлын дагуу Тээврийн цагдаагийн албаны Цагдаагийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн теле камер хариуцсан ахлах зохицуулагч, хошууч Э.Баасанбаяраас тодрууллаа.

-Жолооч нар төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан зөрүүтэй тэмдгээс болоод торгуулж байна гэж яриад байгаа. Жишээ нь Төв шуудангийн уулзвар дээр байршуулсан тэмдгийг хэлээд байгаа?
-Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу нь Офицеруудын ордноос таван шар хүртэлх замаар зөвхөн нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж байгаа автобус, Онцгой байдлын тээврийн хэрэгсэл, цагдаа, эмнэлэг, зөвшөөрөгдсөн такси явах эгнээ гэж нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх тээврийн хэрэгслүүдэд чөлөөлж өгсөн байсан. Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрэмд үүнийг оруулж дээрх тээврийн хэрэгслүүдээс гадна тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэж нэмж өгсөн.
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд зөвшөөрөлгүй автомашин зорчихоор торгууль ирээд байна гэж иргэд ярьдаг. Энэ нь жолооч эгнээ байр буруу эзлэн нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэхдээ үргэлжилсэн цагаан шугамаар хязгаарласан замыг давж эргэж байгаа учраас торгууль ногдож байгаа. Учир нь уулзвар гарцаар 150-200 метрийн зайд тасархай шугам үргэлжилдэг. Жолооч нар тасархай шугамаар дохиогоо өгөн хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү нэвтрэх шаардлагатай. Зөвхөн үргэлжилсэн цагаан шугам давсан тохиолдолд камерт өртөн торгууль ногдож байгаа. Тэмдэг тэмдэглэгээ замын хөдөлгөөний шинэ дүрмээр шинэчлэгдсэн учраас үүнд ямар ч зөрүүтэй ойлголт байхгүй.

-Тасархай шугамтай хэсэг дээр нийтийн тээвэр дараалан зогсоод нэвтэрч чадахгүй үргэлжилсэн шугамаар эргэдэг гэдэг. Энэ тохиолдолд яах вэ?
-Уулзвар гарцаас 150-200 метрийн зайд тасархай шугам байрлаж байгаа. Тасархай шугам стандартын дагуу тавигддаг учраас урт, богино байна гэсэн асуудал байхгүй. Иргэд автобус зам тавьж өгөөгүй болохоор хүлээгээд урагшилсаар уулзвар дөхөн үргэлжилсэн шугамаар нэвтэрсэн гэдэг. Жолооч нар автобуснууд явж өнгөртөл тасархай шугамаар нэгдүгээр эгнээ рүү орохоор хүлээх л ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд үүнийг нарийн зааж өгсөн учраас жолооч дүрмээ мөрдөх үүрэгтэй.
-Төв шуудангийн уулзвар дээр зургаан эгнээтэй зам дээр долоон тэмдэг байрлуулсан байдаг. Иргэд энэ тэмдгийг зөв, буруу гэж маргадаг?
-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд үргэлжилсэн цагаан шугам давж болохгүй, нэмэлтээр уулзвар дөхөж байна, тасархай шугамаар баруун эргэж болно гэдэг тэмдэг нь орж ирж байгаа.
Офицеруудын ордноос Таван шар хүртэлх чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр жолооч та нэг өдөрт шулуун нэвт явлаа гэхэд тухайн камер байрласан уулзвар бүр дээр торгууль ногдоно гэдгийг анхааруулж байна. Нэгдүгээр эгнээгээр зорчсон нэг удаагийн торгууль нь 20 мянган төгрөг, өдөрт гаргасан зөрчлийнхөө тоогоор жолооч торгуулна.

Жолооч нар III төв эмнэлэг, ХААЯ, Арслантай гүүр, Төв шуудан, Central Tower, Сүлжмэлийн уулзваруудын нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэхэд зөрчилд тооцон торгууль ногдууллаа гэдэг асуудлыг ярьсан. Харин албаны хүн дээрх тайлбарыг өглөө.
Өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн автобусыг түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын захын эгнээгээр бусад төрлийн тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах шийдвэр гарган зохицуулж байсныг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний дүрэмд оруулж дараах байдлаар тусгасан.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулан 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл байрлуулсан эгнээг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэнэ. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл /суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, мөн энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах унадаг дугуй, мопедод хамаарахгүй/ уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.
Мөн тус дүрмийн 11.10.-т зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглосон.
Харин эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд олгож байгаа ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болох юм байна.