Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Франц улсад ази иргэдийг ялгаварлан гадуурхах болжээ. Тус улсын ази гаралтай иргэд олон нийтийн сүлжээнд энэ талаар гомдоллох болсон байна. БНХАУ-д коронавирусын халдвараар 6000 гаруй хүн өвчилж 132 хүн нас бараад буй. Ази гаралтай иргэд рүү чиглэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл Францаас гадна Их Британи зэрэг бусад оронд ч ажиглагдах болжээ.

Францын аз гаралтай иргэд энэ байдалд ихэд дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. Тэд Твиттерт “JeNeSuisPasUnVirus” гэсэн хэштег нээж, тэндээ болж буй үйл явцын мэдээллийг оруулж эхэлжээ.

Францын иргэн, вьетнам, камбож гаралтай Шана Чен өнгөрсөн ням гаригт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулснаа ВВС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Түүнийг нийтийн тээврээр зорчиж байх үед хэсэг хамт зорчиж байсан залуучууд хоорондоо “Хар даа тэнд хятад хүн байна. Тэр биднийг халдварлуулахаар энд иржээ. Тэр нутаг руугаа явбал таарна” гэх зэргээр ярилцсан гэнэ.