Гуравдагчдаас сэргийлсэн Cонгуулийн хууль

Ардчилсан тогтолцооноос хойш засгийн эрхийг эвсэж бас ээлжилж барьсан хоёр нам найман сонгуульд зориулж найман хууль баталсан. Энэ хэрээр эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбар сонгож, сонгууль явуулдаг жишиг тогтоод удлаа. Сонин нь өөрсдийн сонгосон тогтолцоондоо өөрсдөө бүдэрсэн тохиолдол бүдрээгүйгээсээ олон. Хамгийн ойрын жишээ гэхэд л одоогийн сөрөг хүчин АН 2016 онд жижиг 76 тойрог бүхий тогтолцоог сонгосон ч үр дүн нь МАН-ын үнэмлэхүй ялалт байв. Харин МАН 2012 онд эрх барьж байхдаа холимог тогтолцоог сонгосон ч сөрөг хүчин АН илүү суудал авч байлаа.

Өнгөрсөн хугацаанд гуравдагч хүчин болох хүсэлтэй 30 гаруй намаас гарын таван хуруунд багтах нь л парламентад цөөн тооны суудал авсан байдаг. Наймаас дээш суудал авч парламентад бүлэг байгуулсан гуравдагч хүчин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өөр байхгүй. Учир нь, эрх баригчид өөрсдийн намын гишүүд дэмжигчдэд дулдуйдсан сонгуулийн тогтолцоо, тойргийн хуваарилалт хийж байсантай холбоотой. Энэ удаа ч бас гуравдагч хүчнээс сэргийлсэн хэд хэдэн зохицуулалтыг хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, тогтолцооноос эхлээд эвсэлд тавих шаардлага, тодорхой хүнд зориулсан заалт гээд гуравдагч хүчинд ээлгүй зохицуулалтуудыг дурдаж болно. 

Том тойрог жижгүүдэд халтай

УИХ-ын 2020 оны сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар хуульчилсан. Энэ нь жижиг 76 тойргийг бодвол улсын төсвийг олон хуваахгүй, нэр дэвшигчдийн шалгуур өндөрсөж, өмнөхөөсөө 2-3 дахин олон хүний саналаар сонгогдоно гэх мэт сайн талтай ч жижиг намууд, бие даагчдын хувьд халтай. Учир нь, томсгосон тойрогт бие даагчид болоод жижиг намууд өрсөлдөхөд хүндрэлтэй. Тойрог томрох тусам сонгогчдын тоо нэмэгдэхэд хоёр том хүчний гишүүд дэмжигчдийн тоо тэр хэрээр нэмэгдэнэ. Дээр нь сурталчилгаа хийх газар нутаг томорч, хөрөнгө санхүүгийн хувьд ч бие даагчид хийгээд жижиг намын нэр дэвшигчдэд хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй.

Харин жижиг намуудад сонгуулийн холимог тогтолцоо илүү ашигтай хувилбар байв. Сонгуульд эвсэж оролцон засаг бүрдүүлэлцэх хэмжээний суудал ч авах магадлалтай. Үүний тод жишээ нь 2012 оны сонгууль байна. Тухайн үед УИХ-ын сонгуулийг анх удаа холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Бүр тодруулбал, 2011 онд баталсан хуулиар УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий холимог тогтолцоотойгоор зохион байгуулахаар хуульчилсан юм. Үр дүн нь УИХ-ын гишүүнээр МАН-аас 26, АН-аас 34, ИЗНН-аас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, бие даан нэр дэвшсэн гурван хүн сонгогдсон. 

Тэгвэл ирэх оны сонгуулийг явуулах тогтолцоотой адилхан хувилбараар явуулсан 2008 оны сонгууль бие даагчид болоод жижиг намуудад ээлгүй байсан.
26 тойрогтой томсгосон мажоритараар явуулсан 2008 оны сонгуульд МАХН буюу одоогийн МАН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл нэг, ИЗН нэг, бие даагч нэг суудал авч байлаа. Тогтолцооны хувьд томсгосон тойрог нь жижиг намуудад ийм үр нөлөөтэй.

Эвслийг эсэргүүцэв

Энэ удаагийн сонгуулийн хуульд жижиг намуудад жинхэнэ халгаатай зохицуулалт орсон. Эвсэлд нэгдсэн намуудын нэг нь эвслээс гарахад эвсэл задарсанд тооцдог байсныг өөрчилж, эвсэлд нэгдсэн намуудын олонх нь гарсан тохиолдолд эвсэл задарсанд тооцох зохицуулалт оруулсан юм. Энэ нь эвсэл тогтвортой ажиллах, цаашлаад УИХ, Засгийн газрын тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Гэхдээ нэгэнт эвсэлд орсон л бол УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд дангаараа үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлачихаж байгаа юм. Хэрвээ таван нам эвсэл байгуулан сонгуульд оролцлоо гэхэд тэднээс гурван намынх нь төлөөлөл УИХ-д сонгогдлоо гэж бодъё. Тэгвэл УИХ-д суудалгүй үлдсэн хоёр нам нь дөрвөн жилийн хугацаанд нөгөө гурвынхаа далбаан дор дарагдах нь. Суудалгүй намууд нөхөн болон дахин сонгуульд өрсөлдөх сонирхол байх нь гарцаагүй. Гэтэл нэг эвсэлд орсон л бол энэ бүх боломжоо алдах эрсдэлтэй.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд дараах заалтууд орсон юм.

27.9. Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

27.10. Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно.

27.12. Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Эвслийн ийм эмзэг байдал нь хоёр том хүчинд л ашигтай учраас парламентад суудалгүй намууд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл үүний эсрэг зарим гишүүн эвсэл нэрээр улс төрийн тоглоом хийсэн өмнөх туршлагуудыг сануулан, эвслийн шаардлагыг чангалах нь зүйтэйг хэлж буй. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Хэд хэдэн удаа эвсэл байгуулж байсан. 1996, 2004, 2012 онд байгуулсан эвслүүдийг нэрлэж болно. 2016 онд “Шударга ёс” эвсэл яалаа даа. Эвслийг ингэж хэврэг болгож болохгүй. Зүгээр нэг тоглоом биш шүү. Нэг өдөр эвслээ гэсэн хэрнээ маргааш нь баахан мөнгө шантаажилчихаад дараагийнхтай нь нэгдэж, дахин эвсдэг. Сонгуулийн явцад дандаа тоглоом хийгээд явчихна. Ийм тоглоом хийдэг бэлэн хүмүүс ч бий, нам ч байгаа. Эвсэл байгуулбал парламентын бүрэн эрхийн хугацаанд тэр эвслээрээ л ажиллах ёстой.

Сонгуулийн хууль Цэцэд дуудагдана

УИХ-ын сонгуулийн тухай хууль авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хориглосноороо онцлогтой. Энэ нь гуравдагч хүчин болох МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан зохицуулалт гэдэг нь анхнаасаа тодорхой байв. Энэ хэрээр түүний нөлөө их, хүчтэй тоглогч хэвээр байгааг баталсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл одоо үйл явц хэрхэн үргэлжлэх нь Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргахаас хамаарна. Ял эдэлж байсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх нь хүний эрх талаасаа Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдлыг МАХН-аас Цэцэд хүргүүлээд байгаа. 

Энэхүү гомдолд Цэц маргаан үүсгэх эсэх, үүсгэлээ ч ямар шийдвэр гаргахаас хамааран МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд дөрөв дэх удаагаа өнжих үү, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм.

Уг нь Үндсэн хуулийн Цэц ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох нь хүний эрх талаасаа Үндсэн хууль зөрчинө гэдгийг 2008 оны дүгнэлтээрээ тодорхой болгосон. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц хэд хэдэн удаа өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцаж байснаас харахад энэ удаа ч тус байгууллагын шийдвэрт улс төрийн нөлөө орох магадлалтай.

Хуучин улстөрчдөөс салах хандлага

Хэдийгээр бие даагчид болоод парламентад суудалгүй намуудад ээлгүй хууль баталсан ч олон нийтийн хандлага тэдэнд ээлтэй байх нь. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгууль олон нийтийн хандлагаар шийдэгдвэл эвсэл, бие даагчид нэлээд олон суудал авахыг үгүйсгэхгүй. Нэг, хоёр хүчнээр төр удирдуулж залхсан ард түмэн одоо шинэ хүмүүс, гуравдагч хүчнийг гаргахыг илүүтэй эрмэлзэж буйг сүүлийн үеийн судалгаануудаас харж болно. Нэгэн мэдээллийн сайтад л гэхэд 2020 оны сонгуульд аль нам ялах вэ гэсэн санал асуулгад 5223 хүнээс санал ирсний 69 хувь нь шинэ гуравдагч хүчин ялна гэжээ. Харин МАН 13 хувь, АН 17 хувийн санал авсан байна. Үүнээс нийгмийн сэтгэл
зүй, хандлага ямар байгаа нь бэлхнээ харагдаж буй.

Нийгмийн хандлагыг дагаад олон нийтэд нэр хүндтэй, чадварлаг, мэргэжлийн хүмүүсийг бие даан нэр дэвшихэд туслах хөдөлгөөнүүд ч бий боллоо. Тухайлбал, олондоо алдар хүндтэй төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон нэгдэж төрийн түшээ болоход шаардлага хангасан, мэдлэг чадвартай боловсон хүчнүүдийг тодруулж, бие даан нэр дэвшүүлэх зорилготой “Электорат” хөдөлгөөн байна. Мөн төр удирдах шударга хүмүүсийг тодруулах “Түмний 76” санал асуулга бий. Энэ мэт бие даагчдын дэмжсэн төсөл, хөдөлгөөн бий болж буй нь энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлог болох нь. Гэхдээ санал асуулга, хөдөлгөөний эхлэл нь одоо тавигдаж байгаа учраас цаашдаа зөв, буруугийн аль тал руу хэлбийхийг хараахан хэлж мэдэхгүй. Харин өнөөгийн нийгмийн сэтгэл зүй, хандлагад нийцсэн үйл ажиллагаа гэдэг нь лавтай.

МАН, АН суудлын тоогоор хол зөрөхгүй

Ирэх сонгуулийн тоглоомын дүрмийг тогтоохтой зэрэгцэн улс төр судлаачдын зүгээс өөрсдийн таамгийг дэвшүүлээд байна. Тэдний таамаглаж буйгаар одоогийн эрх баригч МАН олонх болох ч сөрөг хүчин АН-тай суудлын тоогоор хөл зөрүүгүй байх нь. Харин эвсэл, бие даагчдын суудлын тоо 10 дотор багтана гэж үзжээ. Улмаар жижиг намууд нэгдэж, тэр дундаа эрх баригч намтай эвсвэл олон суудал авах магадлалтайг хэлж байна. Тиймээс ч хоёр том хүчнээс бусад нь сонгуульд эвсэж орох талаар ярьж байгаа. Тухайлбал, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намтай эвсэх бол ШИНЭ намынхан парламентад суудалгүй 4-6 намтай эвсэх бололтой. Мөн гуравдагч хүчнээр МАХН-ыг түшиглэсэн эвслийнхэн орно гэсэн таамаг бий. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгасан. Тэгэхээр МАХН-д нэгдэж чадвал О.Баасанхүү, С.Ганбаатар нарын олны танил улстөрчид итгэл найдвар хүлээлгэх болно.

Улс төр судлаач Д.Ганхуяг: Ирэх сонгуулийн үр дүнгээр МАН 49, АН 20, бусад нам, бие даагчид зургаа орчим суудал авна гэсэн урьдач тооцоо хийж байна. Мэдээж наашаа, цаашаа 3-5 суудал хөдөлж болох байх. Гэнэтийн хүчин зүйл гарахгүй бол том хэмжээний савалгаа үүсэх магадлал тун бага.

Улс төр судлаач Д.Энхцэцэг: Хоёр том нам ойролцоо суудал авах магадлалтай учраас сонгуульд ялахын төлөө бүхнээ дайчилна. Гуравдагч хүчнийнхэн болон жижиг намаас нэр дэвшсэн олны танил улстөрчид цөөн тоогоор сонгогдох байх. Томсгосон мажоритар хувилбар том намд ашигтай гэдэг нь батлагдсан. Сонгогчдын идэвх өмнөхөөс илүү сэргэнэ гэсэн судалгаа бий.

Улс төр судлаач Т.Туяачимэг: Том мажоритар тогтолцоо хоёр намд л ашигтай. Гэхдээ иргэд шинэ хүнийг дэмжиж, хуучин улстөрчдөөс сална гэсэн байр суурь илэрхийлж байгааг өнгөрсөн есдүгээр сараас хойш хийсэн судалгаа харуулсан. Судлаачийн хувиар таамаглахад сонгуульд гуравдагч хүчний намууд нэг том намтай эвсэлд орвол олон суудал авна. Тэр нь эрх баригч нам байвал илүү олон суудал авах болов уу гэж харж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)