Төрийн гурван өндөрлөг хэмээн нэрлэгддэг ҮАБЗ-ийн гишүүдийг хариуцсан асуудал, ажлынх нь ачааллаар эрэмбэлбэл гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа Ерөнхий сайд нэгдүгээрт жагсана. Ерөнхий сайд бол УИХ-ийн өмнө хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж, төрийн тасралтгүй үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг чухал албан тушаал. Хууль тогтоох дээд байгууллага УИХ тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа завсарлуулдаг бол Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг. Энэ ч утгаараа хамгийн их ачаалалтай ажилладаг нь Ерөнхий сайд. Улс орныхоо бүхий л салбарын бодлого, төлөвлөлтөд оролцдог учраас үе үеийн Ерөнхий сайд нарын үүрэх ачаа ихдэж байсан уу, гэхээс багадаж байгаагүй. Харин ч өдрөөс өдөр ирэх тусам үүрэг ачаа нь нэмэгдсээр байна.

2020 он гарснаас хойш Ерөнхий сайд хоёр ч үндэсний зөвлөлийг ахлахаар болов. Тодруулбал, УИХ Усны агентлагийг сэргээн байгуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор Усны зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулахаар боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар: -2015 онд татан буулгасан Усны үндэсний хороог  сэргээж, ҮАБЗ-ийн дэргэд Усны үндэсний зөвлөл байгуулахаар хуульчиллаа. Тус  зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь БОАЖ-ын сайд байхаар тусгасан. Устай холбоотой харилцаанд олон яам, агентлаг оролцдог учир Ерөнхий сайдын дэргэд байлгаж асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн.

Мөн УИХ өнгөрсөн долоо хоногт Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайТөрийн гурван өндөрлөг хэмээн нэрлэгддэг ҮАБЗ-ийн гишүүдийг ажлынх нь ачааллаар эрэмбэлбэл гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа Ерөнхий сайд нэгдүгээрт жагсана хуулийг баталсан. Уг хуульд заасны дагуу Оюуны өмчийн үндэсний зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулахаар болсон юм. УИХ-аар дээрх хуулийг батлах үед Ц.Даваасүрэн гишүүн Ерөнхий сайдаар хэтэрхий олон үндэсний хороо, зөвлөл, комиссыг ахлуулж байна гэдгийг шүүмжилж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюуны өмчийн үндэсний зөвлөл байгуулж Ерөнхий сайдаар ахлуулахаар болж байна. Ерөнхий сайдын ахлаагүй үндэсний зөвлөл гэж бараг байхаа болилоо. Маш олон үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг. Зөвхөн үндэсний зөвлөлүүдийг хуралдуулдаг Ерөнхий сайдтай болчихвол ажил нь цалгардана. Тиймээс цаашдаа Ерөнхий сайдаар үндэсний зөвлөлүүдийг ахлуулдаг, бүр ахална гэж хуульчилдгаа болъё. Энэ хүн чинь хийх ажилтай хүн шүү дээ. Үндэсний зөвлөлүүдийг салбарын сайд нар нь ахлаад явахад болохгүй зүйл байхгүй. Завгүй байдаг Ерөнхий сайд үндэсний зөвлөлүүдийг хуралдуулсан ч тогтож төвлөрөх боломжгүй. Том ачаа үүрч яваа Ерөнхий сайдаараа олон зөвлөл ахлуулж хуралдуулахаа болъё. 20 орчим зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг гэсэн мэдээлэл бий. Тиймээс цаашдаа үүнийг анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд чинь ажилгүй хүн биш шүү дээ. Асар их ажилтай хүн. Гэтэл 20 орчим үндэсний зөвлөлийг ахлуулчихсан. Одоо ийм зөвлөлийг хуралдуулах ёстой гээд Ерөнхий сайдын ажлыг хийлгэдэггүй. Ерөнхий сайд гэдэг чинь үндэсний зөвлөлүүдийг ахлах үүрэгтэй хүн биш. Өөр улс оронд ийм зүйл байдаггүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: -Оюуны өмчийг хамгаалах байгууллагын удирдлага бүтэц тодорхой байх шаардлага тавигдаад байгаа юм. Энэ хүрээнд албан бус нэг бүтэц байх шаардлагатай гэж үзсэн. Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, дэд даргаар нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд ажиллахаар байгаа. Оюуны өмчийн асуудал нь ганцхан хууль зүйн салбарын асуудал бус эдийн засаг, эрүүл мэнд, хүнс, хөдөө ахуйн гээд бүх салбарт хамааралтай учраас бодлогын түвшинд зангидах, төсөв мөнгөнийх нь хувьд төрийн худалдан авалт, татварын бодлогоор дэмжих гэх мэт үйл ажиллагаануудыг уялдуулах үүднээс Ерөнхий сайдын дэргэд Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Ерөнхий сайд одоогийн байдлаар 16 үндэсний хороо, зөвлөл, комисс ахлан ажиллаж байна.