Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

2004 онд Мичиган муж улсын есөн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт /Э.Э.Т/ нэг шинэхэн арга барил нэвтрүүлжээ. Тухайн шөнөдөө л энэхүү арга амжилт олж эмнэлгийнхнийг гайхуулж орхив. Гурван сарын дараа гэхэд Э.Э.Т –ийн өвчтөнүүдэд халдвар тарах эрсдлийг 66 хувиар бууруулж, жил хагасын хугацаанд 75 сая долларын эмчилгээний зардал хэмнэсэн байна. Бүр гайхалтай нь үүний ачаар дор хаяж 1500 хүний амийг аварсан хэмээн тооцоо гаргажээ. Тэр дороо л энэхүү стратеги анагаахын шинжлэх ухааны сэтгүүлийн алдартай өгүүлэл болж хувирав. Энэ ямар арга барил байсан бэ? Үнэндээ төсөөлсөнөөс дэндүү хялбар, дэндүү энгийн. 

Энэ ердөө л “жагсаалт хөтлөх” /checklist/ байжээ. “Keystone ICU project” гэсэн нэрээр Мичиганы эмнэлэгүүдэд хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь товчхондоо:

Хуудас цаасанд халдвараас сэргийлэх 1 – 5 алхамыг жагсааж эмч нарт өгнө. Жагсаалтын дагуу эмч нар 1 –т гараа савандаж угаана, 2 –т өвчтөний арьсыг ариутгагчаар арчина, 3 –т өвчтөнийг ариутгасан даавуугаар хучна, 4 –т ариутгасан маск, бээлий, малгай өмсөнө, 5 –т дусал, гуурсны доор ариутгасан бинт тавина. Цаасанд бичсэн жагсаалтуудаа нэг нэгээр нь бөглөлөө, бөглөлөө, бөглөлөө... гүйцээ.

Ямар ч тэнэг нь хийчихэж чадах, угаасаа л сургуульд заалгасан зүйл. Эмч нарт ч ийм жагсаалт хөтөлнө гэхээр эхэндээ өөрсдийг нь тохуурхаж буй мэт санагдсан байна. Харин төслийн санаачлагч доктор энэхүү аргыг туршихаас өмнөх нэг сарын хугацаанд ажиглалт явуулж, Э.Э.Т –ын эмч нар нь өвчтөнүүдийнхээ гуравны нэгт нь дээрхи алхамуудын дор хаяж нэгийг нь алгасаж байгааг анзаарсан байжээ. Ингээд бүгдээрээ мэддэг зүйлээ бүгдэээрээ 100 хувь яс гүйцэтгээд үзье гэсэн төсөл л хэрэгжүүлсэн нь тэр. Ямар ч шинэлэг инноваци, нэмэлт тоног төхөөрөмж, эм зүйн шинэ нээлтгүй энгийн таван алхамт жагсаалт яс хөтөлсөнөөр жил хагасын хугацаанд 1500 хүний амь аварч, 75 сая доллар хэмнэсэн нь төсөөлөхөд итгэмгүй. Асуудлын гол нь “бүгд мэддэг” ч “бүгд хэрэгжүүлдэг” гэсэн үг биш юм. Улиг болсон юм тийм ч ухаан шаардахгүй, заримдаа залхуутай. Гэхдээ улигт юмыг яс гүйцэтгэх нь их ухаан, тэвчээр шаардана...

/Дэлгэрүүлж харъя гэвэл “James Clear – Do More It Already Works”, “Pronovost – Keystone ICU project” г.м. түлхүүр үгээр хайхад гараад ирнэ/

Корона вирус, ханиад томууны эсрэг зөвлөмжийг бүгд мэдэж байгаа ч бүгд мөрддөг нь юу л бол. Фээсбүүк дээрээ бол бүгд айж сандралдаад сүйд болж буй мэт санагдах ч яг гудманд гараад явахаар масктай нь цөөн юм. Эсвэл манайхан өөрөөсөө илүү бусдад санаа тавьдаг юм болов уу, өөрөө зүүхгүй бусдад л зөвлөөд байна гэхээр. 1. Маскаа зүүх, 2. Гараа угаах, 3. Гудманд шүлсээ хаяхгүй гэсэн энгийн хэдэн хэвшлийг ядаж нийтээрээ яс дагаж мөрдөхөд зөвхөн корона гэлтгүй бусад ханиад томууг намжаах ч юм билүү. Авто ослоор ханиадаас олон хүн үхдэг. Ер нь үлгэрийн олон юм сэдэхгүй замын хөдөлгөөний дүрмээ яс хэрэгжүүлэхэд л хэдэн мянган амь аварч, түгжрээ бууруулж магадгүй л юм шиг санагдав.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Үнэн шүү, корона өнгөрсний дараа ч гэсэн ханиад хүрсэн хүн маск зүүж, бусад нь шаардлага тавьдаг болчихвол олон хүн ханиад хүрэхгүй байх боломжтой ш дээ!!!

    0 0 Хариу бичих
  2. Hun bur uhamsartaigaar uuniig yagaad dagaj bolohgui gej. Demjij baina. Humuusee handlagaa oorchlye.

    0 0 Хариу бичих
  3. Ene bol tseber hariutslaga. Tuuniig heregjuuleh argachlal bna. Ene jisheeg buh shatandaa heregjuulj chadbal hubi hun bolood uls oron hurdatstai hugjih yum bna daa

    0 0 Хариу бичих