УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бүлгийн хурлаар одоогоор шийдвэр гаргаагүй байна. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг өөрийн хүсэлтээр түдгэлзэж шалгуулах нь зөв гэсэн байр суурь илэрхийлжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурал түр завсарлалаа. Үндсэн шийдвэр гараагүй байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа дахин хуралдана. Нууцын зэрэглэлтэй санал ирсэн учраас нууцаар хуралдсан. Н.Номтойбаяр гишүүний тайлбарыг сонслоо. Намын дарга байр суурь илэрхийлсэн. “Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө хүсэлт гаргаж, түдгэлзээд шалгуулбал яасан юм бэ” гэдгийг хэлсэн. Харин Н.Номтойбаяр гишүүн “Үүнийг бодож үзье” гэсэн. Үүнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлаар ярилцахаар болсон” гэсэн юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 15.30 цагаас хуралдаж, уг асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа бүлгийн хурал үргэлжлэх аж.