Мэтт Дэймон: Эмэгтэй хүнийг жаахан хатуу гараар барьж байхгүй бол болдоггүй юм билээ

“Оскар”-ын “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” шагналд 2008, 2017 онд хоёронтаа нэр дэвшээд хоосон хоцорсон ч Мэтт Дэймон огтхон ч гутарсангүй. Учир нь тэр амьдралын баяр баясгалангаа ажлаас бус хувийн амьдрал, өөрийг нь хүрээлэн байдаг таван хайртай бүсгүйгээсээ авдаг нэгэн билээ. Тэд бүгдээрээ хайртай аав, халамжит ханиараа бахархана. Үүний хажууд “Оскар” юу ч билээ дээ. Тэгээд ч түүнд өөр “Оскар” байгаа юм чинь /1998, “Goodwill hunting”,  “Best original screenplay”/. Түүний  “Famous” сэтгүүлийн сурвалжлагч Энжела Брэдфордод өгсөн нэгэн  ярилцсаныг хүргэж байна.  

-Та сайхан харагдаж байна шүү. Амьд байгааг чинь харах сайхан байна?

-Аан, саяхан намайг “оршуулсныг” дайруулж хэлж байгааг тань ойлголоо. Хүмүүс ингэж шуугисан нь миний хувьд мэдээж эвгүй л байсан л даа. Жонни Деппийг нас барсан тухай ташаа мэдээлэл саяхан цацагдаж байсныг сонссон ч өөрт тохиолдоно гэж огт бодоогүй юм. Тэгсэн харин намайг Пало Верде ууланд авирч яваад амь үрэгдсэн гэсэн мэдээ интернэтээр цацагдсан байдаг юм.  Бүр хүүр нь орон нутгийн цагдаагийн газар хадгалж байгаа гэсэн байсныг яана. Бурхны авралаар сайн хүмүүс надад амжиж утасдсан шүү. Тэгээд би гэр бүл, эцэг эх рүүгээ залгаж Торонтод кино фестивальд оролцож байна, зүгээр гэдгээ хэлсэн. Хоёр хөгшин надаас түрүүлж муу мэдээг сонссон бол юу болох байсныг тааварлахад бэрх. Ихэнх сайтууд, бүр нэр хүндтэй нь хүртэл мэдээллийг шалгахгүй шууд л тавьдаг юм билээ. Мэдэж авсан. Хожим мэдээллийг жилийн өмнө нас барсан нэрт боксчин Эван Таннерын үхлийн мэдээнээс хуулбарласан болохыг мэдсэн. Ийм юмыг ямар тэнэг нь хөгжилтэй гэж боддог байна аа.

-За таагүй дурсамжийг чинь хөндсөн бол уучлаарай. Та “Мэдээлэгч” киноны гол дүрд тоглохдоо 17 кг жин нэмсэн. “Хамгийн секси залуу” гэсэн гуншингаа алдахаас айсангүй юу?

-Хэвийн л гэж хариулья даа. Та өмнө нь хамгийн секси залуугаар хоёр ч удаа өргөмжлөгдөж байсан, найз Жорж Клунигийн маань асууж байсныг асуулаа.  Би дээрх гуншинг ганцхан удаа хүртсэнд тэр миний өмнөөс ичдэг гэсэн. “Хүмүүст үргэлж сая долларын үнэтэй харагдаж байх хэрэгтэй” гэж байнга хэлдэг хүн арга ч үгүй биз. Харин би бол дүрдээ л анхаарал тавина уу гэхээс яамар харагдаж байгаа бол гэж санаа зовдоггүй.

-Асуухгүй байж чадахгүй нь, жин нэмэх танд ямар байсан бэ?

-Зүгээр, давгүй. Бүхэл өдрийн турш спорт зааланд бэлтгэл хийх шаардлага гардаг байсан “Жейсон Борн”-ы зураг авалттай харьцуулахад жаргал л гэсэн үг. Гэхдээ сүүлд нь жиндээ орох гэж спорт заал руу орсон л доо. “Галзуу бух”-д тоглохын тулд Роберт Де Ниро 20 кг жин нэмж байсан гэлцдэг.

-Тэр өөр юу гэж  байна?

-“Эхний дөрөв, таван кг бол жинхэнэ сэтгэл ханамж, харин үлдсэн нь жинхэнэ хүнд хөдөлмөр” гэж хэлсэн. Би харин хөдөлмөрлөж арай л амжаагүй. Пицца, түргэн хоолны газраар байнга орж, шар айраг уун, өөр бусад илчлэг бүхнийг “явуулж” байлаа. Харин турна гэдэг чинь үнэхээр хэцүү юм билээ дээ. Эхлээд жирийн байдлаар ачаалал авч байснаа дараа нь нэгэнт л турах гэж байгаа юм чинь арай илүү ашигтай зүйлээр оролдъё гэж бодоод боксоор хичээллэсэн. Энэ ч ёстой жинхэнэ “хөдөлмөр” юм байна лээ. Цохих болгонд л хагас кг хасагдаж байх шиг санагдаж байв. Гэхдээ ерөнхийдөө хүн бол байгалийн бүтээл гэдгийг мэднэ л дээ. Биедээ ачаалал өгч, дарангуйлах нь байгалийг дарангуйлж байгаа хэрэг. 1996 онд байх аа, Персийн булангийн дайны тухай өгүүлсэн “Тулалдах эр зориг” кинонд тоглож байхдаа биедээ “дарангуйлал” гэгчийг жинхэнэ амсуулж байлаа. Тэгэхэд 25 кг жин хассан гээд бод.

-Арай айгаад байгаа юм биш биз?

-Яг үнэнийг хэлэхэд аль эртнээс л айж байсан юм. Гэтэл Морган Фримэнтэй ярилцсанаасаа хойш бүр тайвширсан. 70 гарсан настай ч их ухаалаг хүн, итгэж болно. Намайг 40 хүрэх гэж байгаадаа баярлах хэрэгтэй гээд 40-50 хүрэх хугацааг “алтан арван” гэж хэлсэн шүү. Үүнээс хойш үе чацуутнууддаа түүний үгийг үе, үе дамжуулдаг болсон (инээв).

 -Та 35 настайдаа гэрлэлээ. Энэ хүртэл найзалж байсан бүсгүйчүүдийг чинь харахад та хар үстэй бүсгүйчүүдэд татагддаг юм аа даа. Уайнона Райдер, Минни Драйвер, Эва Мендес, Пенелопа Крус, Одесса Уитмайр гээд л. Уг нь ихэнх эрчүүд шаргал үстүүдэд дуртай байдаг шүү дээ?

  -Тийм ээ. Надад хүрэн үстэй бүсгүйчүүд үргэлж таалагдсаар ирсэн. Учир нь… миний анхны хайрт ийм үстэй байсан юм. Түүнийг минь Скайлар гэдэг байсан. Бид намайг Харвардын Их сургуулийн хэл бичгийн ангид суралцдаг байхад танилцаад хэдхэн сар үерхсэн... Кинонд явж, хамгийн арын ширээнд суун үнсэлцэж…дараа нь өөр сургууль, хайрын үгтэй бөөн бөөн захидлууд. Дараа нь захидал цөөрсөөр цөөрсөөр огт бичихээ болих, хайр ч яваандаа үгүй болох гээд ер нь залуу насанд юу л болдог вэ тэр бүгдийг надад амсуулсан юм даа. Скайлар захиандаа “Металлика” хамтлагийн бөмбөрчин Ларс Ульрихтай танилцсан, авьяастай залуу гэх мэтээр дурсдаг байснаа сүүлдээ… Би тэгэхэд л эмэгтэй хүнд эрэгтэй хүний алдар нэр чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Алдартай байх юм бол чамайг илүү хайрлана. Эмэгтэй хүнийг бас жаахан хатуу гараар барьж байхгүй бол болдоггүй юм билээ. Бас хэрвээ гэрлэхээр бол жүжигчин биш жирийн л нэг бүсгүйг сонгох хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал ухаарсан. Анхны хайраа эцсийн удаа дурсахын тулд “Ухаалаг Уилл Хантинг” киноныхоо гол дүрийн бүсгүйг Скайлар гэж нэрлээд энэ бүхэнд цэг тавьсан даа.

-Одоо байгаа эхнэр чинь тантай гэрлэхдээ долоон настай охинтой байсан. Хүүхэд танд саад болохгүй юу?

   -Алексиа юу? Бид анх уулзаад л шууд хэл амаа ололцсон. Одоо тэр “бага ээж”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа. Үүндээ ч жигтэйхэн дуртай. Изабелла сургуульд ороход бэлтгэж байгаа. Харин Жиа Завала тун хөдөлгөөнтэй тул нэг хором ч нүд салгаж болохгүй. Есөн сартайдаа гүйдэг болсон гээд л бод. “Аварга хүүхэд”. Стелла ч гэсэн.

-Та тэднийхээ хүмүүжилд оролцож байна уу?

-Юу гэсэн үг вэ, би чинь өрхийн тэргүүн нь шүү дээ. Гэрт болж байгаа, болох бүх юм надаар дамжина. Би өөрөө хатуу гараар өссөн болоод тэр байх. Намайг багад зөвхөн рубикийн шоогоор л тоглохыг зөвшөөрдөг, телевизор үзэхийг хорьдог байсан. Миний хүүхэд насны хамгийн жаргалтай үе ээжийг өөр хот руу явсан үед л тохиодог байлаа.

-М.Дэймон гэж хүн их олон талтай хүн юм. Улс төрд ч хүртэл ороод л…?

-Үгүй дээ. Барак Обамагийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон минь үнээн. Гэхдээ энэ бол үзэл бодолдоо үнэнч байсных юм. Дэмжсэн хүн маань ялсан, тэгээд л болоо.

-Гэхдээ таны тоглосон “Амьдаар нь бүү барь” киноноос улстөр үнэртээд л байсан даа?

-Энэ чинь кино шүү дээ. Би ажлаа л хийсэн. Яг л гэртээ аавын үүрэг гүйцэтгэдэг шигээ. Би охидуудаа эрхлүүлдэггүй. Энэ гэр оронг бүрдүүлэхэд өөрсдийнх нь зүтгэл нэг ч ороогүй гэдгийг ойлгуулдаг. Гэхдээ манай гэрт ардчилал байхгүй гэж ойлгож болохгүй. Майами дахь гэрээ тохижуулахад би “цөөнх” болж, бүх тавилгыг тэд сонгосон. Одоо би ягаан өнгийн тавилган дунд л амьдарч байна (инээв).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жонни Деппийг хүүхэн нь бүр хурууны нэг үеийг нь тасдчихсан.

    0 0 Хариу бичих