АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Куба улсад албан ёсны төрийн дээд хэмжээний түүхэн айлчлалаа эхлүүллээ.

Барак Обамаг АНУ-ын 88 жилийн түүхэн дэх Кубад айлчилж буй анхны ерөнхийлөгч боллоо хэмээн оросын Спутник сайт онцолж байна. Түүнчлэн “Хоёр орны хувьд түүхэн айлчлал, түүхэн боломж” хэмээжээ.

Тэрээр өчигдөр орон нутгийн цагаар 16:19 цагт тус улсын нийслэл Хавана хотод газардсан бөгөөд уг айлчлал 20, 21-ний өдрүүдэд үргэлжлэх аж.

Үүний зэрэгцээ эхнэр Мишель Обама, хоёр охин, хадам эхийнхээ хамтаар гэр бүлийн айлчлал хийсэн нь  хүйтэн дайнаас хойш ийнхүү халуун дулаан гэж хэлж болох харилцаатай болж байгааг Хятадын сайтууд ч мөн онцоллоо.

Ерөнхийлөгч Барак Обама Куба дахь АНУ-ын Элчин сайдын яаманд анхны зогсолтоо хийх  байсан ч борооны улмаас одоогоор тус хотын Хабана зочид буудалд саатаад байна.