Монгол Улс Саарал жагсаалтаас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасан гэж ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн бүлгийн хуралдаанаар дүгнэжээ. Уг хуралдаан БНХАУ-ын Бээжин хотод болсон байна.

ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа 4 сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалаад иржээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ,

"Манай тайлантай танилцаад, нилээд асуулт асууж тодруулга авсан Хамтарсан бүлэг Монгол Улс саарал жагсаалтаас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзлээ. Явцын тайланг бэлтгэх, хамгаалахад хичээл зүтгэл гаргаж ажилласан багийн гишүүддээ талархал илэрхийлье" гэжээ.