УИХ-ын чуулганы хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс аймаг, сумын ИТХ-д давхар сонгогдох боломжгүй болгох, төрийн албан хаагчид наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх зохицуулалтыг тусгах шаардлагатайг хэлж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Төсөлд иргэдийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон. Нэгээс илүү тойрогт давхар нэр дэвшсэн бол татгалзах үндэслэл болно гэж төсөлд тусгасан. Бүх сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 22 хоног, орон нутгийнх 15 хоног гэж богиносгосон. Нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагад нэр дэвшигчид насны хязгаар тавиагүй. Төсөлд сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгөх зохицуулалт оруулсан байсан. Үүнийг наймдугаар сарын 1 болгох саналыг ажлын хэсгээс гаргасан ч Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй” гэлээ. Мөн хуулийн төсөлд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах заалт тусгажээ.
Хуралдаанаар үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 50 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр уг санал дэмжигдээгүйд тооцогдох юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан боловч олонх нь дэмжсэнгүй.