Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас комисс байгуулжээ. Уг комиссын анхны хурал өчигдөр болсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Комиссын анхны хурлаар саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүд байгуулсан. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг дотоодын эргэлтэд оруулах санал тавихаар бэлтгэж байна. Татварын маргааны асуудлыг Монголын хуулиар хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярилаа. Шаардлагатай бол Арбитрын шүүхэд хандаж магадгүй. Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал шүүхийн шатанд байна. Өчигдрийн уулзалтаар энэ асуудлыг дүгнэж ярилцсан.
Мөн энэ гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх вэ гэдэг дээр тусгай ажлын хэсэг байгуулсан. “Рио Тинто” бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна “Туркойз Хилл ресурс” болон бусад компани бий. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компанитай хамтарч ажиллах сонирхолтой байхаар байр сууриа нэгтгэсэн. Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Олон улсын аудитын байгууллага оруулж, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд уг хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна гэдэг нөхцөлийг тавихаар бэлтгэж байна. Монголыг төлөөлж байгаа "Оюутолгой"- компанийн ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө.
Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчсөн зү йлүүд бий. Үүнийг хэрхэн хуулийн хүрээнд нийцүүлж болох вэ гэдгээ ярьсан. Бид байр сууриа нэгтгээд “Рио Тинто”-гийн талтай зөвшилцлийн ширээний ард сууна. Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь бидний асуудал. Бид хувьцаа эзэмшигч. Би ажлын хэсэг байгуулахаас өмнө нэг удаа уулзсан. Ингэхдээ хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх санал тавьсан” гэв.