Оюуны өмчийн тухай хуулийн төслийг баталлаа

Чуулганы хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс оюуны өмчийг хамгаалах, төрөөс дэмжих чиглэлд хэрхэн ажиллах, Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд биш салбарын сайд нь ахлуулах боломжтой эсэхийг тодруулж байв.

Ажлын хэсгийнхний зүгээс “Оюуны өмчийн эрхийг хамгаалахын тулд байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэг нь тодорхой байх шаардлага үүссэн. Оюуны өмчийн зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, дэд даргаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн сайд ажиллана. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд ажиллах юм. Оюуны өмч бол зөвхөн хууль зүйн асуудал биш эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хөндөгдөхгүй салбар гэж байдаггүй. Тиймээс энэ их үйл ажиллагааг уялдуулах үүднээс Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл ажиллуулахаар тусгасан. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг хөшүүрэг нь татвар, худалдан авалт, байгууллагын бүтэц, үйл ажиллагаа тодорхой байхаас гадна оюуны эрхийн патент эзэмшигчдийн хоорондох маргааныг шуурхай шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх юм. Тиймээс аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх бүтцийг илүү тодорхой болгож байгаа. Жилд дунджаар 30-40 маргаан шийдэгддэг” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжив.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)