Мэргэжлийн боксын өнөө цагийн хамгийн тод од болоод буй Мексикийн боксчин Сауль “Канело” Альварез дараагийн тулаан Японы мэргэжлийн боксын нүүр царай болсон Риота Мурататай хийж магадгүй байна. Sports Illustrated”-ийн Крис Мэнниксийн олж мэдсэнээр, хоёр тамирчны төлөөлөгчид энэ асуудлыг судалж байгаа бөгөөд тавдугаар сарын 2-нд Японд тулалдана хэмээн эхний байдлаар тохироод байгаа аж.
Сауль Альварез мэргэжлийн бокст 53 ялж, нэг хожигдож хоёр тэнцсэн. Ялагдашгүй гэгдэж асан Геннадий Головкиныг зогсоосон тэрээр сүүлд А.Ковалевыг ялж, WBO аваргын бүсийг нь булаасан юм. Харин Японы Риота Мурата сонирхогчийн боксоор 2011 оны Бакугийн ДАШТ-д үзүүрлэж, дараа жил нь Лондоны олимпод түрүүлсэн. Мэргэжилд шилжээд 17 тулалдсанаас 15 ялж, өдгөө WBA холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа юм.