Ирэх сарын 3-14-нд БНХАУ-ын Ухань хотноо болох байсан сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн бүсийн тэмцээнийг цуцалжээ. Тус хотод корона вирусын халдвар гарч, 17 хүн нас барсантай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна. ОУОХ-ны хэвлэлийн алба энэ талаар мэдээллээ.
ОУОХ-ны ажлын хэсэг Зохион байгуулах хороотой ярилцаад шийдсэн гэнэ. Ажлын хэсэг цаашид БНХАУ зохион байгуулах хороо болон тэмцээнийг авах санаачилга гаргасан бусад талуудтай нягт хамтран ажиллах болно гэдгийг ОУОХ-ны мэдэгдэлд онцолсон байна.
Шинэ төрлийн корона вирусээр халдварлагдсан эхний тохиолдол өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод гарсан. Уг вирусыг шинэ төрлийнх болохыг энэ сарын 7-ны өдөр тодорхойлж 2019-nCoV гэж нэрлэсэн юм. Энэ вирус нь шувууны ханиад зэрэг өмнө нь дэгдэж байсан вирусын халдварыг эмчлэх эмэнд бүгдэд нь тэсвэртэй болох нь батлагдаад байгаа билээ.
Олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан. Үүнд:
Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн - 2-р сарын 3-14-нд Хятадын Ухань /цуцлагдсан/
Африкийн олимпын эрхийн тэмцээн – Хоёрдугаар сарын 20-29-нд Сенегалын Дакарт
Европын эрхийн тэмцээн – Гуравдугаар сарын 13-23-нд Их Британийн Лондонд
Америк тивийн эрхийн тэмцээн – Гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд Аргентины Буэнос-Айрест тус тус болно.
Дараа нь тавдугаар сарын 13-24-нд Парист олимпын эрхийн дэлхийн тэмцээн болж, эрхээ авч чадаагүй тамирчид оролцох юм.