Одоогийн байдлаар Монгол Улсад 441 төслийн хүрээнд 61 000 гаруй айлын орон сууц баригдаж байгаа юм байна. Үүнээс 37 000 гаруй нь захиалгаа авчээ.

Барилга хот байгуулалтын яамнаас  эхний ээлжинд нийт өрхийн 66.6 хувийг орон сууцжуулах зорилт тавиад буй. Энэ хүрээнд “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр батлуулсан. Уг хөтөлбөр 2023 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжих юм байна. Энэ хугацаанд Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрнэ гэж тооцоход өрхийн 66.6 хувь нь гэхээр 150 мянган айлыг орон сууцанд оруулна гэсэн тооцоо гарчээ. Энэхүү 150 мянган айлын 45 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлт, 57 мянга нь хувийн компаниудаас, 3 мянга нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барьж орон сууцжуулах гэнэ. Мөн 16 мянга 500-г нь дагуул хот байгуулж бий болгож, 18.4 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахаар тооцжээ.