УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд сурталчилгааны хугацаа 22 байсныг 15 болгох, санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэрлэхдээ сайн дураараа гэрээ байгуулдаг болох, төрөөс гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Ингээд чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг танилцуулъя.