ЭМЯ: Монголд шинэ коронавирус нэвтрэх дунд зэргийн эрсдэлтэй

Хятад, Солонгос, Япон, АНУ зэрэг улсад бүртгэгдээд байгаа шинэ коронавирусний халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус яамнаас онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан бүс нутагт аялахгүй байх, амны хаалт тогтмол хэрэглэх, гараа тогтмол савандаж угаах, түүхий болон хагас боловсруулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өндгийг угааж, бүрэн болгож хэрэглэх, амьсгалын замын хүнд халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусний халдвар өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдэж, нэгдүгээр сарын 3-нд ДЭМБ-аас албан ёсны мэдээллийг ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар 282 хүн шинэ коронавирусний халдвараар өвчилсөн. Үүнээс зургаан хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Хятад Улсаас гадна Солонгос, Япон, Тайланд зэрэг орнуудад өвчлөл бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Тайвань, Австрали, АНУ-д энэ өвчин бүртгэгдсэн байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай өдөр бүр холбоотой ажиллаж, албан мэдээллүүдийг авч байгаа. Албан бус мэдээллийг ч бусад газруудаас авч байгаа. Хоёрдугаарт, хил гааль холбогдох газруудад энэ өвчлөлийн талаар мэдээлэл сэрэмжлүүлэг хүргүүлж байгаа. Энэ хугацаанд Чингис хаан нисэх онгоцны буудалд Энэтхэг, Хонгконгоос ирсэн амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээгээр шинэ вирусээр үүсгэгдээгүй В вирус, А хүрээний Н3N2 вирусийн халдвараас өвдсөнийг тогтоосон. Бүх байгууллагуудтай хамтран Монгол Улсад энэ өвчин зөөвөрлөгдөн тээвэрлэгдэж орж ирэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хоёр удаа хийсэн. Манай улс дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. ДЭМБ-аас Монголоос Шинэ Зеланд хүртэлх 37 оронд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хятад улс өндөр эрсдэлтэй. Бусад улсыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн. Гэхдээ өчигдрөөс эхлэн өвчин эрчимтэй тархлаа. Хятадын Ухань хотод өчигдрийн байдлаар 14 эмнэлгийн ажилтан халдварласан. Ахуйн замаар халдварлана гэж байгаа ч агаар дуслын замаар халдварлах боломжтой гэж байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хятадаас ирж байгаа хүмүүсийг хилийн боомтуудад хэрхэн шалгаж байгаа юу?

-Манай улс Хятад улстай олон хилийн боомтоор хиллэдэг. Ялангуяа Буянт-Ухаагийн боомтоор өдөртөө 1000 гаруй хүн зорчдог. Хятад улсаас 300-400 хүн зорчиж ирдэг гэсэн мэдээлэл бий. Үүнээс гадна Замын-Үүд боомтод термо камер ажиллуулж байгаа. Термо камер нь зорчигчдын эрүүл мэндийн мэдээллийг авч, амьсгалын замын өвчтэй хүмүүсийг тусгаарлаж арга хэмжээ авч байгаа. Манай улс Хятадтай хиллэдэг. Томуугийн тархалт ихтэй байгаа учраас манай оронд халдвар тархах эрсдэлтэй.

-Халдварын эсрэг вакцин байгаа юу?

-Энэ халдварын эсрэг вакцин гараагүй байгаа. Шинэ өвчин учраас одоогоор вакцин ирээгүй байна. Эм тарианы хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа.

-Коронавирусний талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Томуугийн өвчлөлөөс хэрхэн ялгах вэ?

Зургаан төрлийн коронавирус байдаг. Энэ удаагийн халдвар нь долоо дахь буюу шинэ вирусээр үүсгэгдсэн. Коронавирус малаас хүнд халдварладаг боловч хүний өвчлөлийг үүсгэдэг. Улирлын томуу ч коронавирусээр үүсгэгддэг. Энэ вирус нь нэлээд хүнд хоёр төрлийн хоёр өвчнийг үүсгэж байсан. 2003 онд дэлхий нийтийг хамарсан SARS байна. 8000 гаруй хүн өвчилж, 800 гаруй хүн эндсэн. Манай орны хувьд есөн тохиолдол бүртгэгдсэн. Хоёр дахь 2014 онд Солонгос улсад бүртгэгдсэн MERS нэг бөхт тэмээнээс халдварласан байдаг.

Дашрамд дурдахад, Хятад Улсын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээллээр өнгөрсөн шөнийн байдлаар 13 газарт 440 хүн шинэ коронавирусний халдвар авсан нь бүртгэгджээ. Үүнээс есөн хүн нас барсан байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Маш их айж байна кино цаашаа юм болж байна энэ зомбигийн анхий хувилбар байвал яах болж байнааа??

    0 0 Хариу бичих
  2. Маш их айж бн

    0 0 Хариу бичих
  3. шүлс цэр гутлын улаар

    0 0 Хариу бичих